ОХУ-ын нийслэл Москвад болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит Мэргэжлийн лигийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 50 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Долгоржавын Отгонжаргал, 55 кг-д "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 57 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Маргааш шөнийн 00:00 цагт чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд болон сонгомол барилдааны бүх жингийн алтан медалийн төлөөх барилдаан болох бөгөөд манай таван бөх хүч үзнэ.