Цаг үеийн мэдээ

Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа “Намын хөтөлбөр” буюу хичээн эрхэмлэх зүйлээ шинэчлэн баталсан. Хөтөлбөрөө “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” хэмээн нэрлэсэн нь өмнөх зуун жилийн туулсан замаа эргэцүүлэн, дараагийн зуунд эх орноо улам хөгжүүлэхийг зорьж байгаа хүсэл тэмүүлэлтэй шууд холбоотой. Намын хөтөлбөрийн таван чиглэлийг Хүний эрхийг дээдэлсэн нийгэм, Эв санаагаар нэгдсэн нийгэм, Шударга ёсны засаглал, Тогтвортой хөгжил, чанартай өсөлт бүхий эдийн засаг, Эх дэлхийд ээлтэй хөгжлийн бодлого хэмээн тодорхойлсон билээ. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу Монгол Ардын нам нь “социал демократ” үзэл баримтлалтай болохоо зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан юм.

Намын 30 дахь Их хурлаас гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас Нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван баг өнөөдрөөс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж эхэллээ.

Орон нутаг болон 9 дүүрэгт ажиллах баг бүрэлдэхүүн “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 05-р сарын 20-ноос 06-р сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулна. 

Сургалтын зорилго нь 30 дахь Их хурлын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх,  “Социал Демократ” үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.

Өнөөдөр Хэнтий, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад хийгдэх сургалтууд эхэллээ. Сургалтанд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 338 намын хороо, 2242 намын үүрийн гишүүд хамрагдана.

Таны сурталчилгаа