Цаг үеийн мэдээ

Зууны түүхтэй Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа хүн төвтэй хүний эрхийг хангасан, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг эрхэм болгосон Социал Демократ үзэл баримтлалаа тодотгосон.

Өнөөдөр Монгол Улсад хамгийн их үгүйлэгдэн дутагдаж байгаа асуудал бол тэгш эрх, шударга ёсны асуудал. Эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан иргэдийн тэгш эрхийг үгүй хийх явдал газар авч, нийгэм бухимдалтай болсон энэ үед ус, агаар мэт дутагдаж байгаа зүйл бол шударга ёсны асуудал.

Шударга ёсны эхлэл нь авлигатай тэмцэхээс эхэлнэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдийг төрийн болон улс төрийн бүх шатны сонгуульт албан тушаалд томилохгүйгээр намаас хөөж байх дүрмийн өөрчлөлтийг Монгол Ардын Нам дүрмэндээ оруулсан. Эрх барьж байгаа намын хувьд энэ дүрэм нийгэмд шударга ёс тогтоход ч эерэг нөлөө үзүүлэх учиртай.


Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл, заалт байдаг. Нэг үгээр хэлбэл хүний эрх хуулийн хүрээнд зөрчигдөж байна гэсэн үг. Хүнийг бодлогынхоо төв цэг болгосон Монгол Ардын Нам Социал Демократ үзэл баримтлалынхаа хүрээнд 800 төрөл зүйлээр зөрчигдөж байгаа хүний эрхийг хамгаалж зарим хуулийг шинэчлэн найруулах ажлыг хуульч, судлаачид хамтран хийж эхлээд байна.

Шударга ёсыг тогтоож, Хүний эрхийг хамгаалах нь цаасан буух төдий бус Монгол Ардын Намын 300 мянган гишүүний гол зорилт байх ёстой. Иймээс “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 05-р сарын 20-ноос 06-р сарын 04-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах юм.

Өнөөдөр Төв аймгийн намын хорооны гишүүдэд явагдсан сургалт өндөрлөлөө. Сургалтад 200 гаруй гишүүд оролцож хүний эрхийн хамгаалал болон социал демократ үзэл баримтлалын талаар мэдээлэл авлаа.

Таны сурталчилгаа