Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.05.23/ энэ 7 долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлаx туxай УИX-ын тогтоолын төсөл” болон “Эрүүгийн xэрэг xянан шийдвэрлэx туxай xуульд нэмэлт өөрчлөлт оруулаx туxай xуулийн төсөл”-ийн талаарx мэдээллүүдийг сонслоо. 

Бүлгийн ажлын албаны эдийн засгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржийн танилцуулгад дурдсанаар Монгол улсын нийт гадаад өр 33.1 тэрбум ам.долларт хүрчээ. Сангийн сайд өрийн хэмжээ зохистой хэмжээнд байгаа гэж мэдээлж байгаа ч Дэлхийн банк, ОУВС хараат бус судалгаанууд дээр үндэслэн Монгол Улсын өр хэт өндөр болсныг анхааруулсаар байна. Хил гаалиа нээж чадахгүй бол эдийн засаг ирэх есдүгээр сараас улам дордох байдал үүссэн. Ер нь Монгол Улс, саяхан дефолт зарлаж, эдийн засаг, улс төрийн гүн хямралд ороод буй Шри Ланкийн араас ороход ойрхон байгаа гэдгийг анхааруулав. 

“Өрийн дарамтад орсон улсад ядуурлын хэмжээ огцом өсөж, улс орны хөгжил зогсонги байдалд ордог. Энэ нь нийгэмд эмх замбараагүй байдлыг өдөөж улмаар иргэний мөргөлдөөнд хүргэх суурь болдог. Үүнийг одоо өрнөж байгаа Шри Ланкаас харж болно. Мөн тус улс 2017 оны арванхоёрдугаар сард Хамбантотын усан боомтоо 1.3 тэрбум ам.долларын гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөхөөр 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгч байв. Тажикстан улсын гадаад өр 2013 онд ДНБ-ийхээ 50 хувиас давж Уулын-Бадахшаны тодорхой газар нутгаа БНХАУ-д алдсанаар өмнөд хөршийн цэргүүд тухайн нутагт нэвтрэн орсон” зэрэг өрийн улмаар газар нутгаа алдсан жишээг  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийнд өгсөн мэдээлэлдээ дурдсан. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болсныг онцолж, Хөгжлийн банкны асуудалд  хувийн хэвшлийн өрийг ярьж байгаагаас нийт зээлийн 31 хувийг эзлээд байгаа ТӨХК-иудын өрийн асуудлыг хэн ч ярихгүй байна. Монгол Улс өрийн асуудлаа шийдвэрлэхгүй бол хэдхэн жилийн дараа бүтээн байгуулалт, хөгжлийн талаар биш хэрхэн өр дарах нь номер нэг асуудал болж болзошгүйг анхааруулав. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт цагдаа, шүүх, прокурорт тулгамдсан асуудлуудыг шийдэх заалт оруулснаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа иргэний эрхийн талаар ганц ч заалт тусгаагүйд шүүмжлэлтэй хандав. Мөрдөгчид  дуртай цагтаа иргэнийг дуудаж байцаадаг байдлыг өмнөх хуулийн өөрчлөлтөөр  халсан байсан. Гэтэл Хүний эрхийн талд асар их ахицтай алхам болсон уг заалтыг одоо оруулж ирж буй төслөөр өөрчилж, мөрдөгч нь хүнийг прокурорын зөвшөөрөл, шүүхийн зарлангүйгээр дуудан ирүүлж байцаадаг эрхтэй болгохоор оруулсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаас ухарсан явдал болохыг эсэргүүцэж байгаагаа мөн энэ үеэр  мэдээллээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Засгийн газар өр  тооцдог аргачлалаа өөрчлөх ёстой. Одоо бол өрийн хэмжээг худлаа тооцож, хүмүүсийн толгой эргүүлж байгаа. Өр нэгэнт ноцтой хэмжээнд хүрсэн.  Цаашид хэрхэх, өрийн хавхнаас ямар аргаар хурдан хугацаанд гарахаа боловсруулж, яаралтай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэв. Түүнчлэн иргэдийн койнд оруулж байгаа их мөнгийг ТӨХК-иудаа хувьчлах замаар хөрөнгийн зах зээл рүү оруулж, хувийн хэвшилдээ итгэх замаар хөрөнгө босгож, нэмж өр тавихгүйгээр эдийн засгийн аргаар өрнөөс гарах боломж байгааг санууллаа.

Таны сурталчилгаа