АНУ-ийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд тоглож буй анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Одтой ярилцлаа.
Юуны өмнө эх орондоо тавтай морил. Шигшээ багтай нэгдээд өнөөдрөөс эхнийхээ бэлтгэлд орж байна. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Би өчигдөрхөн Монголдоо ирсэн. Цагийн зөрүүнээс болоод жаахан ядарсан байна. Гэхдээ ах нартайгаа бэлтгэл хийгээд сэтгэгдэл маш өндөр байна. Шигшээ багаа Азийн наадамд оролцуулах зорилготой ирсэн. Тэр зорилгынхоо төлөө тултал нь хичээнэ.
Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сагсан бөмбөгт их дуртай, хайртай. Аавыгаа дагаж тэмцээн их үздэг. Багаасаа л сагсан бөмбөг гэх спорттой ойр өссөн. Аав намайг юу хүсэж, мөрөөдөж байгааг мэддэг болохоор тэр зам руу минь чиглүүлж өгсөн.
Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Анх 4 настайдаа бөмбөг барьж, тоглож үзсэн. Албан ёсоор гэвэл 8 настайгаас минь аав намайг дасгалжуулж тэр үеэс л сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
Хэлэх дуртай үг?
-“Иииии” гэдэг үг. Ааваас өвлөж ирсэн./инээв/
Хамгийн гоё мэдрэмж авч байсан үеэсээ хуваалцвал?
-NBA талбай дээр 3 удаа тоглосон тэр үед л хамгийн гоё мэдрэмжийг авч байсан. Хоёр тэмцээн нь ахлах сургуулийн тэмцээн байсан. Нэг нь саяхан болсон дэлхийн шигшээ, Америкийн шигшээгийн тэмцээн байсан.
Netflix-с кинонд тоглох санал ирсэн ч татгалзсан гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан энэ талаар?
-Адам Сэндлер, Леброн Жеймс нарын зохиосон кино байсан. Энэ кино нь өөр улсуудад байгаа сайн тоглогч нарыг сонгон авч, элсүүлж шилдгүүд болгох утга агуулгатай кино байсан. Нэгдүгээр сарын сүүлээр зураг киноны зураг авалт болох байсан хэдий ч тэмцээнтэй байсан учраас тэр кинонд тоглох боломжгүй болсон.
Яагаад Дейтоны Их сургуулийг сонгосон бэ? Хэд хэдэн сургуулиас санал ирж байсан гэж сонссон?
-Миний хувьд Дейтоноос 10 минутын зайтай Синьяа хотод сургуульд сурдаг байсан. 9-р ангидаа ахлах сургуулийнхаа багт орсон. Сайн тоглодог хүүхдүүдийг шилж сонгоод сургуулиуд багтаа элсүүлэхээр холбогддог. Надтай 2,3 сургууль холбогдож байсан. Гэсэн хэдий ч 11-р анги хүртэл холбоотой байсан сургууль “Дейтоны” их сургууль учраас сонгон орсон. Манай мужид сагсан бөмбөгийн фэнүүдээр нэгт ордог сургууль.
Хэзээ “NBA”-д нэрээ өгье гэсэн бодолтой байна вэ?
-Нөхцөл байдлаа л харна даа. Энэ жил манай сургууль 17 дугаарт эрэмблэгдсэн. “Топ-25”-д орчихсон гэсэн үг.
Энэ талаараа их сургуулийнхаа дасгалжуулагчтай ярилцаж байсан уу?
-Би сургуулийнхаа шигшээ багт орж байгаа ганц шинэ тамирчин нь. Намайг талбай дээр их гаргаж, ашиглана гэсэн. Ер нь дан ганц холбогчийн байрлал дээр гэхгүй гэж ярьж байна лээ.
Ойрын зорилгоосоо хуваалцвал?
-NBA-д тоглох зорилгынхоо төлөө хичээж, хөдөлмөрлөж явахад аяндаа болох байх. Монголд ирсэн зорилго маань 2025 оны Азийн аваргын тэмцээнд Монголын шигшээ багаа оролцуулах зорилготой. Тэрхүү зорилгоо биелүүлэхийн төлөө хичээнэ ээ.