Цаг үеийн мэдээ

Анх 2001 онд Америкийн Scranton хотод зохион байгуулагдахад 30 орны 125 боксер оролцож байсан Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа Турк улсын Истанбул хотноо 5 дугаар сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 93 орны 463 боксер оролцохоор мэдүүлэгээ өгсөн боловч Covid болон бусад шалтгаанаар 73 орны 310 боксер 14 өдрийн турш, хэн нь энэ ордонд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж нэрээ дуудуулах вэ гэдгээ сорьж, ур чадвар, ухаан билэг, авъяас, авхаалж самбаагаа шалган өрсөлдлөө. 

Монгол улсаас 9 тамирчин өрсөлдсөнөөс анх удаа хоёр (ОУХМ. О.Есүгэн, ОУХМ. М.Намуун) тамирчин медалийн төлөө тулалдаж шагналт V байрт шалгарсанаар 73 орноос багийн дүнгээр 24-р байрт орлоо. Манай тамирчдын тухайд дундаж нас 22 байгаа нь бидэнд маш их ирээдүй байгааг харуулж байна. Энэ баг ахин залуу тамирчдаар сэлбэгдэх бөгөөд 2023 оны Азийн наадам, Азийн аварга, Эмэгтэй дэлхийн аварга, Олимпын эрх олгох тэмцээн, ПАРИС-2024 Олимпын наадамд өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна. 

“Лондон-2012” , “Рио-2016” Олимпын  наадмуудад 3 жингээр “Токио-2020” Олимпын наадамд 5 жин болон нэмэгдэж улмаар “Парис-2024” Олимпын наадамд 6 жингээр орохоор нэгэнт батлагджээ. 

Хорин нэгэн жилийн хугацаанд 12 удаа Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад нийтдээ 54 орны тамирчид медалийн давцанд зогссон байх бөгөөд энэ дотор Монгол гэх нэр маш тод харагдаж байв. Энэ нэрийг тамгалсан хүн бол МУГТ.М.Нандинцэцэг юм. 2018 онд Энэтхэг улсад зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Нандиа маань эх орондоо анхны хүрэл медаль авчирч байжээ. Энэхүү медалийн буухиаг залгамж халаа болсон тамирчид маань өнгө, чанарыг нь сайжруулж Олимпын медалиар ихэрлүүлж чаднаа гэдгийг хэдхэн хонгийн өмнө өндөрлөсөн тэмцээнээс харсан. 

Сонирхуулахад 12 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хойд хөршийн (ОХУ) охид Алт-24, Мөнгө-11, Хүрэл-25 Өмнөд хөршийн (БНХАУ)  охид Алт-18, Мөнгө-15, Хүрэл-17 хүртсэн амжилтаар дэлхийд тасархай тэргүүлдэг юм байна. Зөвхөн 2 хөршид маань дэлхийн 110 медаль байгаа нь бидэнд нэгийг бодож хоёрыг хийх боломж байгааг харуулж байна. 

“ПАРИС-2024” Олимпын наадамд амжилт гаргахын тулд хоёр хөрштэйгээ ойр ойрхон хамтарсан бэлтгэл хийж байнга 2 талдаа тэмцээн уралдаанд оролцох нь чухал байна. 

Таны сурталчилгаа