Цаг үеийн мэдээ

Монголын спорт аяллын холбооны 30 жилийн ой 2023 онд тохионо. Холбооны зүгээс ойгоо угтан бүтээлч ажлын нэг жилийн аян зарлаад байна. Энэ оны зургадугаар сарын 1-нээс 2023 оны зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аяны эхлэл болгож МҮОХ-ны нэрэмжит “Спорт бүхний төлөө” сэдэвт буяны гороо, явган аялал өнөөдөр гараагаа хийлээ. 

Аялалд Улаанбаатар болон Дархан хотын ахмад аялагчдаас бүрдсан 80 гаруй хүн хамрагдаж буй бөгөөд тэд 100 км зам туулан дөрвөн өдрийн турш аялах юм. 

Энэ талаар Монголын спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияндорж “Нэг алхам маанийн нэг эрхи гэж үздэг. Аль болох олон алхвал төдий чинээгээр буян хийж байна гэдэг санаагаар энэхүү аяллыг зохион байгуулж байна. Хүмүүсийн итгэл, сүсэг бишрэлийг спорттой холбосноороо онцлогтой юм. 

Аялал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад хүрээд буцаж ирэх маршруттай. Ээж хаданд очоод байгаль орчноо цэвэрлэнэ, уул хадандаа зан үйлийн ёслол хийх зэргээр хангай дэлхийдээ ээлтэй байдлаар аялах болно” хэмээн ярилаа.

 

Таны сурталчилгаа