Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав. Уулзалтанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Э.Энхсоёл нар оролцлоо. Уулзалтын эхэнд Калмыков Степан Владимирович БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайханд ОХУ-ын Спортын сайд О.Матыциний нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Монгол-Оросын спортын салбарт уламжлагдан ирсэн харилцааг илүү өргөжүүлж, хоёр орны баг тамирчдыг олимпын наадамд амжилттай оролцуулах зорилгоор зарим тодорхой саналыг хөндөн ярилцав. Түүнчлэн ОХУ-ын Буриад болон манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдтэй харилцаа холбоо тогтоож, орчин үеийн судалгааны тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт гаргав. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах тухай ярилцлаа.