Цаг үеийн мэдээ

Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “3х3 сагсан бөмбөгийн ДАШТ”-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцоно. Хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ  Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт бичигдсэн. Харин бүсгүйчүүд Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөнө.

Эрэгтэй багуудын өрсөлдөөний чансааг Сербийн шигшээ тэргүүлж байгаа. Өмнөх 6 дэлхийн аваргын тэмцээний дөрвийнх нь цомыг өөр дээрээ дархалсан тэдний хувьд гол фаворит байх нь гарцаагүй. Харин мэргэжилтнүүд Токиогийн олимпоос анхны цомоо хүртсэн Латви, аваргаа хамгаалагч АНУ-ын шигшээ багуудыг илүүтэй онцолж байна. Мөн энэ бүх таамгийг эвдэж, гол өрсөлдөгчдийг тайзнаас буулгах магадлалтай багуудын тэргүүн эгнээнд Монголын шигшээг нэрлэжээ. 

2018 онд анх удаа ДАШТ-д оролцож, удаах өрсөлдөөнд чансаагаараа шалгарсан манай багийн хувьд энэ оны хамгийн том амжилтаа Филиппиний нийслэл Манилад үзүүлсэн. Манила Мастерс-т дунд насны Сансар MMC Энержи баг Мельбурн, Антверпен, Манила зэрэг багуудыг ардаа хийж анх удаа 3-р байранд шалгарсан нь “битүү морьд”-ын тоонд багтах гол шалтгаан болсон гэжээ. Манай баг эхний тоглолтоо Тайваний эсрэг 6/22-23-нд шилжих шөнө 00:00 цагаас хийнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 6/22-нд 23:30 цагаас зохион байгуулагч орны эсрэг тоглоно.

Манай багууд тус бүр 6 тоглогчийн бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхаж дэлхийн аваргын өмнө шигшээ багуудын нөхөрсөг тэмцээнүүдэд оролцсон. Харин хамгийн чухал тайзан дээр тэднээс 4 нь талбайд гарна. 

Үндэсний эмэгтэй шигшээ баг Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцох бол Үндэсний эрэгтэй шигшээ баг Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцох юм.

Эх сурвалж: Unisports

Таны сурталчилгаа