Зургаадугаар сарын 26. Энэ өдөр “Тамирчдын баярын өдөр” тохионо. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог байдлаар зохион байгуулах юм. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцоно. Харин Улаанбаатар хотод өрнөх энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байх юм. Мөн цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд энэхүү арга хэмжээнд оролцоно.