4 аймаг 400 км үзэл санааны явган алхалтын хүрээнд 100 км-ийн 3 өдөр 2 шөнийн явган алхалт Сэлэнгэ аймгийн Сайханы Хөтлөөс эхэллээ.
Монгол улсын засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/780 дугаар тушаалын дагуу өнгөрсөн хавар Монгол улсын баруун бүсэд орших Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай аймгийн нутгаар 400 км алхсан уртын алхалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.
Энэ удаад Хангайн бүсийн 4 аймгийн явган алхагчдын дунд зохион байгуулсан санал асуулгаар шалгарсан аймаг тус бүрийг зорьж тус бүрд нь 100 км-ийн алхалт зохион байгуулахаар болж “1аймаг 100 км х 4” хувилбараар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл: Дуртай нэг аймгаа сонгож тэндээ 100 км алхалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.
Тэгвэл Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй 1аймаг 100км зуны алхалтын хөтөлбөр Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг, Сүхбаатар сумын нутагт үргэлжлэхээр 6 дугаар сарын 24-ний өглөө 06:00 цагт “Сайханы хөтөл”-өөс эхэллээ.
60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа 1аймаг 100 км алхалтын ерөнхий удирдагчаар Сэлэнгэ аймгийн Явган алхалтын холбооны тэргүүн Ц.Баярхүү ажиллаж байна.
1 аймаг 100км аялалын хөтөлбөр:
Сайхан хөтөл
Партизаны хөшөө
Хулан хатны хөшөө
Партизаны талбай
/аймгийн төв талбай/
Тужийн нарсны цамхагт өндөрлөг
Тунамал нарс кэмп
Гүн нуур
Алтанбулаг хувьсгалчдын музей
Үдшийн арга хэмжээ
Галт тэрэгний аялал
Бусад хөтөлбөр зэрэг багтаж байна.
Эрүүл Мэндийн сайдын тушаалаар хэрэгжиж буй орон нутаг дахь арга хэмжээний зохион байгуулагчаар Сэлэнгэ аймгийн Эрүүл Мэндийн Газар, Биеийн Тамир Спортын Газар, Сэлэнгэ аймгийн явган алхалтын холбоо ажиллаж, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Алтанбулаг сумын Засаг Даргын Тамгын Газар, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгийн Долгио чуулга, Монголын явган алхалтын холбоо оролцож байна.
Сэлэнгэ аймагт үргэлжлэх 100 км-ийн явган алхалт 3 өдөр 2 шөнийн маршруттай үргэлжилнэ.