Цаг үеийн мэдээ

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзалт хийв.

Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай хүн энэ нэр хүндтэй албанд томилогдсон явдалд Элчин сайд И.К.Азизов талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс анх удаа жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ОХУ-ын баг тамирчдад дэмжлэг үзүүлэн тэмцээнд оролцоход боломж олгосонд талархан онцгойлон баяр хүргэлээ.

Монголын баг тамирчид ОХУ-д болж буй тэмцээн, спортын арга хэмжээнд амжилттай оролцохын зэрэгцээ өнгөрсөн тавдугаар сард Якутск хотноо болсон мастерлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин хүрэл медаль хүртсэн амжилтыг онцолсон юм.

Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын шайбтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх тал дээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд боломжтой тухай харилцан ярилцав. Тус арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшилсон юм. ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагчдаа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-д бэлтгэл сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлэх, Монголын ард иргэдэд уран гулгалтын гайхамшгийг биечлэн үзүүлэх зэрэг нь манай улсад уран гулгалтын спорт хөгжих, хөгжөөн дэмжигч олноор бий болгох таатай боломж бүрдэх билээ. 

Энэхүү арга хэмжээг ирэх оны эхний улиралд зохион байгуулах тал дээр хоёр тал санал нэгдэв.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь Монгол Улсад зохиогдсон жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнд ОХУ баг тамирчид багийн дүнгээр түрүүлсэн явдалд баяр хүргэлээ. Уран гулгалтын үзүүлэх тоглолт нь манай ард түмэн, хөгжөөн дэмжигчдийн хувьд сонирхолтой, их хүлээлттэй гэдгийг хэлсний дээр энэ арга хэмжээг зайлшгүй зохион байгуулах хэрэгтэйгдурдав.

Цаашид Монгол-Оросын спортын салбарт уламжлан ирсэн нөхөрсөг харилцааг хадгалж, спортоор дамжуулан залуучуудыг өөртэй итгэлтэй, эх орондоо илүү ихийх бүтээх, улс орны эв нэгдлийг бий болгоход бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай талууд санал солилцлоо.

Таны сурталчилгаа