Цаг үеийн мэдээ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд лиг” улирлын турш гайхалтай өрсөлдөөнтэй үргэлжилж, эцсийн мөчид медалийн эзэд тодорхой болоход “Хаан Хүнс Эрчим” клуб аваргын цомыг өргөх болзол хангалаа. 1996 оноос эхтэй үндэсний дээд лигийн түүхэнд 12 удаагийн аварга хэмээн өөрсдийн нэрсийг мөнхөлсөн “Хаан Хүнс Эрчим” өнөөдөр “Моби Дээд Лиг”-ийн 18-р тойрогт хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Төв Буганууд”-ы 5:0-ээр хожиж 13 дахь аваргын цомоо өргөх эрхтэй болсон юм. 

“Улаанбаатар” клуб хоёр дахь удаагаа дээд лигийн аварга болохын төлөө, “Улаанбаатар сити” хүрэл медалийг өөрсдийн болгохын төлөө гал гарсан нийслэлийн дерби тоглолтыг 18-р тойрогт толилуулав. Асар өндөр ач холбогдолтой тоглолтод “Улаанбаатар сити” 3:2-оор хожиж “Моби Дээд Лиг”-ийн хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа. 

“Дэрэн”, “Төв Буганууд” клубүүд мөн хүрэл медаль авах боломжтой байсан гэхээр энэ жилийн дээд лигийн өрсөлдөөн эцэстээ хүрсэн гэдгийг харж болно. Түүгээр ч зогсохгүй нэгдүгээр лиг рүү чансаа буурахгүйн төлөө “Ховд”, “Би Си Эйч Лионс” клубүүд тус тусын тоглолтоо хийсэн. 

“Ховд” энэ өдөр өө сэвгүй тоглолт үзүүлэн “Атлетик 220”-ыг 4:0-ээр буулган авснаар есдүгээр байрт орж, Нэгдүгээр лигийн хоёрт орсон багтай нэмэлт тоглолт хийн ирэх жилийн дээд лигт өрсөлдөх үгүйгээ шийднэ. “Моби дээд лигийн” хаалтын үйл ажиллагаан дээр улирлын турш гайхалтай байсан шилдгүүдийг мөн тодрууллаа. 

13 удаагийн аварга “Хаан Хүнс Эрчим” хэмээх эрхэм хүндтэй цолыг багтаа авчрахад үлэмж нөлөө үзүүлсэн хаалгач Б.Ариунболд, хамгаалагч Г.Билгүүн, довтлогч Мишима Юүта нар байрлал тус бүрдээ шилдгээр тодорч хөгжөөн дэмжигчдийнхээ баяр дээр баяр нэмсэн юм. Шилдэг хагас хамгаалагчийн шагналыг “Улаанбаатар” клубийн Серби легионер Неманяа Крусевач хүртлээ. 

“Моби Дээд Лиг”-ийн тоглолтуудыг үнэн шударгаар шүүн явуулсан шилдэг шүүгчдийг тодруулахад АХБХ-ны Элит шүүгч Э.Ариунболд шилдэг талбайн шүүгч, МХБХ-ны А зэрэглэлтэй Б.Логьшир шилдэг туслах шүүгч боллоо. 

Мөн “Моби Дээд Лиг”-ийн тоглолтуудыг үзэж 2022 оны Катарын ДАШТ-ийг үзэх эрхтэй болсон азтай үзэгчид энэ торгон мөчид тодорхой болсныг дуулгахад таатай байна. Өнөөдөр тав, энэ улиралд нийт 21 “Моби Дээд Лиг”-ийн үзэгч ДАШТ үзэх эрхтэй болсон. Наймдугаар сард эхлэх дээд лигийн тоглолтуудыг үзсэн үзэгчдээс 29 азтай үзэгч тодорч, нийт 50 хөлбөмбөгийн фанат Катарыг зорино.

Таны сурталчилгаа