Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатрын XXXXIV олимпиад 2022 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд Энэтхэгийн Ченнай хотод болно. 44 дүгээр шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоод байдгаас 187 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эмэгтэй, эрэгтэй ангилалд өрсөлдөнө. Коронавирусийн цар тахлын үеэр дэлхийн шатрын олимпиад нь цахим хэлбэрээр хоёр удаа www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдсан. Тэгвэл уламжлал тэмцээн дөрвөн жилийн дараа танхимаар зохион байгуулагдах гэж байна. Жил бүр дэлхийн шатрын олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “ГАПРИНДАШВИЛИ” цомыг гардуулж өгдөг билээ. Манай эрэгтэй, эмэгтэй шатарчид 2018 оны олимпиадад нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан өндөр амжилт үзүүлсэн. Мөн 2014 онд Монголын эмэгтэй баг “B“ категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр хоёр дугаар байрт шалгаран мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байв.
Энэ жил дэлхийн шатрын олимпиадад манай улсаас
Эрэгтэй баг:
Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУШХ-ны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од
1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ: ОУШХМ Г.Амартүвшин
3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа
4-р ширээ: Их мастер С.Билгүүн
Нөөц тоглогч: ОУМ С.Ган-Эрдэнэ
Эмэгтэй баг:
Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУШХ-ны дасгалжуулагч, спортын мастер Ц.Батсайхан
1-р ширээ: Их мастер А.Энхтуул
2-р ширээ: ОУМ Б.Баярмаа
3-р ширээ: ОУМ Т.Мөнхзул
4-р ширээ: ОУШХДМ Б.Мөнгөнзул
Нөөц тоглогч: ОУШХМ Д.Мөнхзул нар тус тус оролцоно.