Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт мягмар гарагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.
Энэ үеэр гольфийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр эрхэмийг шагнаж урамшуулав. Тухайлбал, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпын алдар” одонгоор, дасгалжуулагч Г.Мэндсайханыг “Олимпын алтан медаль”-иар шагнасныг МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулан өгөв.
18 дахь удаагийн гольфийн УАШТ-д эмэгтэй 40, эрэгтэй 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Эхний дөрвөн өдөр эмэгтэйчүүд медальтнаа тодруулсан.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд улсын хошой аварга М.Намуунаа 327 оноогоор түрүүлсэн бол улсын дөрвөн удаагийн аварга Б.Батнаран 358 оноогоор удаалж, Г.Алтанбилэг 363 оноогоор хүрэл медаль хүртэв.
Эрчүүдийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд мөн дөрвөн өдөр үргэлжилж, дүнгээ гаргана.
Монголын гольфийн холбооны хувьд энэ жил тамирчдын чансаа тооцож буйгаараа онцлогтой. Тавдугаар сараас хойш чансаа тогтоох есөн тэмцээн зохиогдсон бөгөөд оны эцэс гэхэд 21 тэмцээнээр чансаа гаргахаар төлөвлөжээ. Улмаар чансааны эхний байрт орсон тамирчид улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.