"Загреб-2022" жүдо бөхийн Гранпри тэмцээний хамгийн сүүлийн барилдааныг манай улсаас +100 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хийж мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр 1/16-д Бельгийн Евис Ндао, 1/8 шигшээд Монтенегрогийн Анто Дубрета, шөвгийн наймд Азербайжаны Ушанги Кокаури, хагас шигшээд Германы Эрик Абрамовыг тус тус цэвэр ялсан ч финалд Нидерландын Жур Спикерсэд цэвэр ялагдав.
О.Цэцэнцэнгэлийн хувьд долоо ч хүрэхгүй хоногийн өмнө Монгол төрийн наадамд тав давж улсын начин болсон бөгөөд шинэ цолоо мөнгөн медалиар мялааж байна. Манай улсаас Загребийн татамид эрэгтэй 9, эмэгтэй 8, нийт 17 жүдоч барилдснаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай 69 орноос 12 дугаар байр эзэллээ.