"Poland Open" буюу Вацлав Циолковскийгийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын "А" зэрэглэлийн уламжлалт тэмцээн өчигдөр Польшийн нийслэл Варшавт эхэллээ. Эхний өдөр манай улсаас Иван Ярыгиний "Алтан Гранпри" болон "Монголиа Опен" ОУТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах 65 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр Варшавт гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирдлага дор ганцаараа барилдсан бөгөөд "Ганц дайчин ганцаарддаггүй" гэдгийг харуулж үзүүрлэсэн. Ц.Цогбадрахын хувьд жиндээ нийт дөрвөн барилдаан хийж финалд эзэн орны якут легионер Эдуард Григорьевт ялагджээ.