Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний шигшээ багийн тангараг өргөх ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов. Токиогоос Парисын олимпийн цикльд спортын 24 төрлөөр шигшээ багийг байгуулсан. 24 спортын 234 тамирчин өнөөдөр тангаргаа өргөж, албан ёсны шигшээ багийн тамирчид боллоо. Ёслолыг нээж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат дасгалжуулагч Д. Жаргалсайхан нээж үг хэлэв. Хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газар, Монгол үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос хамтран ҮШБ-ын тамирчид дасгалжуулагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгуулав. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь манай баг тамирчдын хувьд "Парис-2024" олимпийн наадмын албан ёсны арга хэмжээний эхлэл гэж үзэж байгаа юм. Үндэсний шигшээ багт шалгарсан тамирчдаа ард түмнийхээ өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тэмцээнд өндөр амжилт үзүүлэх мөн өөрийнхөө итгэл найдвар болоод мөрөөдлийг биелүүлээсэй гэж хүсч байна. Үндэсний шигшээ багт шалгарсан тамирчддаа халуун баяр хүргэе" хэмээжээ. Ёслолын үеэр тамирчдыг төлөөлж жүдо бөхийн тамирчин,  ОУХМ Батхуягын Гончигсүрэн, боксын тамирчин, ОУХМ Монхорын Намуун, Пара пауэрлифтингийн тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара байт харвааны тамирчин, спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ, дасгалжуулагчдыг төлөөлж
боксын дасгалжуулагч О.Батхүү, байт харвааны дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг, тэквондогийн дасгалжуулагч Т.Лхагвадорж, пара жүдогийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлж тангараг өргөв.
Тангараг өргөх ёслолын үеэр онцлох хэд хэдэн зүйл байсан юм. Спортын хоёр төрөл анх удаагаа үндэсний шигшээ багийн нэмэгдэв.
- Пара уулын цанын холбооны дасгалжуулагч Д.Одсүх: "Манай холбоо 2016 онд байгуулагдаж, хоёр тамирчинтай бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Бээжин-2022" наадамдаа амжилттай оролцоод ирсэн. Энэ удаагийн шалгаруулалтад тэнцэж анх удаа үндэсний шигшээ багт багтсандаа баяртай байна".
- Пара Бочигийн холбооны дасгалжуулагч С.Алтанхундага: "Биеийн тамир спортын улсын хорооноос зарласан шалгаруулалтанд оролцож шигшээ багт багтсандаа маш их баяртай байна. Бид итгэл, сэтгэл, зүтгэл гэсэн уриатайгаар бэлтгэл сургуулилтаа базаадаг. Бидний гол зорилго болох "Парис-2024" олимпийн наадамд амжилттай оролцохын төлөө хичээнэ" гэлээ.
Хамгийн олон бүрэлдэхүүнтэй холбоо нь Монголын жүдо бөхийн холбоо нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хамгийн бага бүрэлдэхүүнтэй нь пара уулын цанын холбоо, бочигийн холбоо, буудлагын холбоо хоёр хүний бүрэлдэхүүнтэй байв. Тамирчид, дасгалжуулагчид тангарагаа өргөж төрийн дуулал эгшиглэснээр тангараг өргөх ёслол өндөрлөлөө.

Таны сурталчилгаа