Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 268 дугаар тогтоол Монголын Бүх Ард Түмний спортын наадмын хугацааг өөрчлөх тухай”, 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу 2022 онд Монголын Бүх ард түмний спортын ХV наадмыг 3 үе шаттайгаар спортын 26 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 99 дүгээр захирамжаар Монголын бүх ард түмний спортын XV наадмын Зохион байгуулах хороог Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулан байгуулж, Зохион байгуулах хороо бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын анхан шатны тэмцээн болон бүсийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж шигшээ тэмцээнд шалгаран оролцох нийт 26 спортын төрөлд 3900 гаруй тамирчин, дасгалжуулагчид олон улсын жишгийн дагуу цахим бүртгэлд бүртгүүлээд байна.
Өнөөдөр буюу 7 сарын 29-ны өдөр Монголын бүх ард түмний спортын XV наадмын Байт харвааны шигшээ тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, ЗХЖШ-ын дэргэдэх Алдар спорт хорооны дарга Г.Өсөхбаяр нар оролцлоо.
Байт харвааны шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тамирчид шалгаран оролцож байгаа бөгөөд үүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, 2008 оны Бээжингийн Пара олимпийн аварга Дамбадондогийн Баатаржав, Олон Улсын Хэмжээний Мастер, 2012, 2016 оны олимпийн оролцогч, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн цомын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Жанцангийн Гантөгс, 2012, 2020 оны олимпийн оролцогч, Азийн наадмын шагналт байр, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн цомын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга Бишиндээгийн Урантунгалаг, Спортын Мастер, 2020 оны олимпийн оролцогч, 2015 оны Дэлхийн армийн спортын наадмын алтан медальт, Монголын Улсын 3 удаагийн аварга, Азийн цомын мөнгө, хүрэл медальт Баатархуягийн Отгонболд, Олон Улсын Хэмжээний Мастер, Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Монголын улсын аварга, Монголын Бүх Ард түмний спортын XIII, XIV наадмын аварга Алтангэрэлийн Энхтуяа, Спортын мастер Монгол Улсын 3 удаагийн аварга, Монголын бүх ард түмний спортын ХIV их наадмын аварга Өрнөхийн Нэхийт нар оролцож байна хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.