Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэгийн Ченнай хотод долдугаар сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ.
Дэлхийн 186 орны 188 багаас 45-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шигшээ баг чансааны 139 дүгээр байрт яваа Сао Томе ба Принсипе улсын багтай эхний өргийн тоглолтоо хийж 4:0-ээр буулган авав. Тус тоглолтод их мастер Б.Гүндаваа өнжжээ.
Мөн чансааны 28-д бичигдэж яваа Монголын эмэгтэй шигшээ баг 108 дугаар байрт эрэмбэтэй Оманы багийг 4:0-ээр илүүрхлээ. Эхний өргийн тоглолтыг их мастер А.Энхтуул өнжсөн.
Өнөөдөр хоёрдугаар өрөгт эрэгтэй баг маань Тринидад ба Тобаго улсын багтай, эмэгтэй баг Парагвайн шигшээ багтай оноолт таарчээ. Тэмцээний өргүүд Монголын цагаар 17:30 минутаас эхэлнэ.