Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит 23 хүртэлх насны залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр, өнөөдөр Улаан-Үд хотод боллоо. 30 дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ М.Баярсайхан дасгалжуулагчтай "Төгс" дэвжээний зургаан тамирчин оролцсноос 57 кг-ын жинд спортын мастер Батхуягийн Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний хувьд өчигдөр Буриадын Аркадий Дашидондуков, Чингис Чагдуров, Максим Бурянов нарыг тус бүр 10:0-ээр, Якутын Уйгулаан Ивановыг 6:4-өөр ялсан ч финалд Кыргызстаны Алмаз Бекзат-Уулуд 0:2-оор ялагдснаар шагналын тавцанд зогслоо.