Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болов. Манай улсаас өнөөдөр Нур-Султаны татамид эрэгтэй 4, эмэгтэй 4, нийт найман жүдоч барилдаж долоо нь үдээс хойш медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү алтан медалийн төлөө шалгарч, 60 кг-д Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, 66 кг-д Баттогтохын Эрхэмбаяр, 48 кг-д Ганбаатарын Наранцэцэг, 52 кг-д Бишрэлтийн Хорлоодой, 57 кг-д Мөнхцэдэвийн Ичинхорлоо нар хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Шигшээ барилдаан монголын цагаар 19:00 минутад эхэлнэ.