Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын долоо дахь өрөг өчигдөр /2022.08.05/  явагдсан. 

ЭМЭГТЭЙ БАГ: Манай эмэгтэй баг долоо дахь тавилд Кубын шигшээ багийг 3,5-0,5 оноогоор хожиж, ээлжит ялалтаа авлаа. Энэ удаа А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч, Б.Баярмаа хайнцжээ.

ЭРЭГТЭЙ БАГ: Харин эрэгтэй баг Хорватын шигшээд 1:3-аар хожигдлоо. Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээлээ.

Найман өргийн дараах байдлаар манай эмэгтэй баг "А" категорид 8-р байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, гуравдугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул 10-р байрт, дөрөвдүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул наймдугаарт тус тус бичигдэж байна.

Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг маань  алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай "Оюун ухааны дайн" хийнэ. Ташрамд сонирхуулахад Унгарын эгч дүү гурвын хамгийн цуутай нь болох, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчны нэг Юдит Полгар энэ удаагийн шатрын олимпод тайлбарлагчаар ажиллаж байгаа билээ.

Манай эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэр бээр гуравдугаар ширээнд 18-т бичигдлээ.

Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно.

Таны сурталчилгаа