Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын 44-р олимпиадын нэг чухал хэсэг нь дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч болон дэлхийн шатрын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгууль байлаа.
8-р сарын 07-ны өдөр дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор явагдлаа.
Санал хураалтанд нийт 178 орны шатрын холбоодын тэргүүн оролцсоноос өмнөх ерөнхийлөгч Аркадий Дворкович 157 хүний саналаар Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож, түүний өрсөлдөгч Украины шатрын их мастер Андрий Барышполец 16 хүний санал авсан бол 1 хүчингүй санал гарч, 4 хүн санал өгөхөөс татгалзжээ.
Гурав дахь нэр дэвшигч Францын иргэн 2018-2022 онуудад дэлхийн шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан Башар Куатли санал хураалт эхлэхээс өмнө үг хэлснийхээ дараа нэрээ татсан байна.
А.Дворковичийн багт орж сонгуульд оролцсон шатрын дэлхийн таван удаагийн аварга Вишванатан Ананд дэлхийн шатрын холбооны шинэ дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.