Цаг үеийн мэдээ

2022 оны 7-р сарын 26-наас 8-р сарын 10-ны өдрүүдэд Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын 44-р олимпиад амжилттай зохион байгуулагдаж, шатрын ертөнц тэр чигээрээ Ченнайн зүг анхаарлаа хандууллаа.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ багийн хамт олон арын албаныхны хамт ганзага дүүрэн оролцлоо.

ЭРЭГТЭЙ БАГ маань 187 орны 188 багаас 35 байрыг эзэллээ.

Ангилал бүрийн 1-4 ширээний топ 20 шатарчныг шалгаруулж хувийн дүнгээр байр эзлүүлдэг уламжлалтай юм. 

Монголын шигшээ багийн 3 дугаар ширээнд суусан их мастер Б.Гүндаваа 16 дугаар байрт бичигджээ.

ЭМЭГТЭЙ БАГ 160 орны 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байрыг эзэлж, Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүллээ.

Хувийн дүнгээр:

Эмэгтэйчүүдийн нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул 19 дүгээр байрт, гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул 6 дугаар байрт, дөрөвдүгээр ширээнд суусан дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 1 дүгээр байранд бичигдэж Алтан медалийн эзэн боллоо. 

Эмэгтэйчүүдийн 3 ширээний топ 20 шатарчинд манай улсын 3 шатарчны нэр орсон нь чамлахааргүй амжилт юм.

Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбоодын нийлбэр дүнгээр Шилдэг 30 холбоог шалгаруулж Гаприндидвилийн цомын эзнийг тодруулдаг бөгөөд манай улсын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарсан ба дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдлээ.

Мөн манай гурван шатарчин болон нэг шүүгч цолоо ахиулжээ. 

Эрэгтэй ангилалд хоёрдугаар ширээнд тоглосон дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин Олон улсын мастер цолны болзол хангасан.

Эмэгтэй ангиллын гуравдугаар ширээнд тоглосон Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Т.Мөнхзул Эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол биелүүллээ.

Эмэгтэй ангиллын дөрөвдүгээр ширээнд тоглосон дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул дэлхийн шатрын холбооны мастер цолны болзлоо биелүүлсэн.

Дэлхийн шатрын холбооны шүүгч Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолны болзол биелүүллээ.

Хагас сарын туршид шатарт хайртай Монгол түмнийг догдлуулж, Монголын шигшээ багаараа бахархах боломжийг олгосон Монголын шатрын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдадаа, шигшээ багийн дасгалжуулагчид болох С.Ган-од, Ц.Батсайхан, Монголын багийг өндөр хэмжээнд удирдаж санхүүгийн асуудлуудыг шийдэж, гадаад харилцааг сайжруулах тал дээр дэвшил авчирсан Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны дэд ерөнхийдөгч Ж.Одонтуул, Монгол улсаа төлөөлөн дэлхийн дэвжээд шүүгчээр ажилласан Олон улсын шүүгч Г.Оюунчимэг, Г.Сайнбаяр нарт халуун баяр хүргэе. 

Таны сурталчилгаа