Цаг үеийн мэдээ

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн Булган аймгийн Орхон сумын харьяат, "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Кардеш" компани, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 анги, "Ваян Эвэнт Холл", "Жунсон" констракшны бөх Энхбатын Сумъяабат нарын цолны мялаалга наадам өнөөдөр тэдний төрж өссөн нутаг Орхон суманд нь боллоо.

Нар хур тэгширсэн, өргөн дэлгэр болсон мялаалга наадамд улсын заан Б.Батмөнх, улсын начин улсын начин Б.Хишигбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир, Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Х.Цогтгэрэл, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдав. 

Түрүү бөхөөр Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Дашзэвэгийн Амаржаргал тодорч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин Хутагийн Цогтгэрэл үзүүрлэсэн. Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Батзоригийн Батмөнх, Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Эрдэнэбилэгийн Энх-Амгалан нар үлдлээ.

Таны сурталчилгаа