Булган аймгийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам” наймдугаар сарын 13-14 өдрүүдэд Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт боллоо. Айрагны баярт зориулсан барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Хишигбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир, Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Х.Цогтгэрэл, Б.Сумъяабат, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдав.
Барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дармаагийн Тамир түрүүлж, Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэж, их шөвөгт Гурванбулаг сумын харьяат улсын начин Дашзэвэгийн Амаржаргал, Могод сумын харьяат улсын начин Эрдэнэбилэгийн Энх-Амгалан нар шалгарав.