Цаг үеийн мэдээ

Серби улсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 (эрэгтэй 10, эмэгтэй 10) тамирчин өрсөлдөхөөр Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байна. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, чөлөөт бөх бол бидний итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг онцолж, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриаллаа. Тус баазад 60 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилт хийсэн бөгөөд маргаашаас “Эко” бэлтгэлийн баазад үргэлжлүүлэн хийх юм. Белградын дэвжээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Мөнх-Од, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах,  70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, 55 кг-д Г.Отгонжаргал, 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д А.Даваажаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглох юм.  

Таны сурталчилгаа