Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг танилцуулж байна.
Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг: "63 бөхөөс допинг илрээгүй. 1 бөхийн шинжилгээнд допинг илэрлээ. Тус бөх 5 даваанд унасан бөх байна. Хуучин 5 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг байсан бол энэ жилийн баяр наадмаас 4 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс авсан. Энэ жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас 64 бөх допингийн шинжилгээнд хамрагдсан. Мөн 16 харваач, нийт 80 хүнээс шинжилгээ авсан. БНСУ-ын Дэлхийн допингийн эсрэг агентлагаас итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. 64 бөхийн шинжилгээний хариу эцсийн байдлаар наймдугаар сарын 19-ны өдөр ирсэн. Допинг хэрэглэсэн бөхийн тухайд тавын даваанд унасан. Одоогийн байдлаар бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Дараагийн шатны буюу Б сорьцын шинжилгээнд хамрагдах эсэхийг тухайн бөхөөс лавлаж асууна. Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөд дахин шинжилгээнд орохгүй гэвэл тухайн бөхийн нэрийг нийтэд зарлана. Орно гэвэл хэвлэл мэдээлэлд зарлах боломжгүй. Баяр наадмаас бусад үеүдэд ч бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, зохих ёсных нь дагуу арга хэмжээг авдаг. 64 бөх бүгд шинжилгээнд хамрагдсан. Ямар нэгэн байдлаар зугтсан бултсан тохиолдол байхгүй. Бөхчүүдийг эд зүйл авч орохоос урьдчилан сэргийлж, нэг удаагийн хувцас өмсүүлж шинжилгээ явуулсан. Допинг илэрсэн бөхийн тухайд давтан шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариугаас хамаарч дараагийн шатны арга хэмжээг авна. Бүх дэвжээ, галуудаар явж, шалгалт явуулсан. Ямар нэгэн байдлаар допинг хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээж, арга хэмжээг авах талаар мэдээллийг өгсөн" гэв.