БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн найм дахь өдрөө болж байна. Өнөөдөр тэмцээний хийн гар бууны дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганзориг хүрэл медаль хүртсэн бол А.Ууганцэцэг эмэгтэйчүүдийн хийн бууны Р2 дасгалд 527 оноогоор 11 дүгээр байрт орсон байна. Б.Ганзориг нь гурав хоногийн өмнө 50 метрийн Р4 дасгалд алтан медаль хүртсэн юм. Баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяа удирдан оролцуулсан бөгөөд Б.Ганзориг тус тэмцээнээс хоёр медаль (алт, хүрэл) хүртэж, А.Ууганцэцэг 9, 11 дүгээр байр эзэлсэн амжилтаар Дэлхийн цомыг өндөрлүүлж байна.