2022 оны 11-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл Мэндийн Яам, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв хамтран “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлсэн үгэндээ "Өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг өмнө нь 2021 он, 2022 оны дөрөв дүгээр сард цахимаар зохион байгуулж, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зөвлөмжийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг цөөн тооны эрүүл мэндийн байгууллага ирүүлсэн нь зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.
Өмнөх хэлэлцүүлгээр өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтээр үнэлгээ багатай гэж ач холбогдлыг дутуу үнэлэх, өсвөр үеийн кабинетыг хаах, зориулалтын бусаар ашиглах, өсвөр үеийн эмч, мэргэжилтнийг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх зэрэг тулгамдсан асуудал байгааг тодорхойлсон. Мөн Эрүүл мэндийн яамнаас өсвөр үеийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн тушаал шийдвэрүүд гарсан боловч аймаг, нийслэлийн түвшинд хэрэгжилт хангалтгүй, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд өсвөр үеийн төвүүдэд ажиллах хүний нөөцийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй зэрэг тулгамдсан асуудлууд хэвээр байна.
Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тасралтгүй тогтвортой үргэлжлэхэд янз бүрийн түвшний удирдлагын ойлголт, дэмжлэг нөлөөлж байгаа тул өнөөдөр бид “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг дахин зохион байгуулж байна. Өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн охидын асуудал биш. Ялангуяа амиа хорлолт, донтолтын асуудал хөвгүүдэд илүүтэй тохиолдож байна. Эрүүл мэндийн үзүүлэлтэд амиа хорлолт хөвгүүдийн дунд илүү байна. Хөвгүүдийн асуудалд анхаарал хандуулах, хөвгүүдэд тусламж, үйлчилгээг хүргэх асуудал чухал байна.
Иймд өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтвортой үргэлжлүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, хэлэлцэх замаар тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, хэлэлцүүлэгт хамрагдсан удирдлагууд өөрийн орон нутаг, дүүрэгтээ өсвөр үеийнхэнд ээлтэй тусламж, үйлчилгээг дэмжин тогтвортой үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.
Тус хэлэлцүүлгийн үеэр
“Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр ЭМЯ-ны АЛШТХ-ийн дарга Г.Навчаа,
“Өсвөр үе, залуучуудын бэлгийн болон НҮЭМ-ийн асуудлыг дэмжих нь” илтгэлийг НҮБХАС-ийн бэлгийн болон НҮЭМ, эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Шинэтөгс,
“Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул,
“Өсвөр үеийн эрүүл мэндийн байдлын тандалтын тогтолцооны өнөөгийн байдал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа,
“Охидын үзлэг хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн нарын илтгэлүүд танилцуулагдлаа.