Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийн ярилцлагаас онцлох 10 эшлэл:
Нэг: Модон могой жил хур тунадас элбэг, өвс ургамлын гарц сайн байх төлөвтэй байгаа. Жилийнхээ дундуур харьцангуй дулаан, хур тунадас багатай байх төлөвтэй. Хүмүүний хувьд идэр залууст ээлтэй, амгалантай. Хөгшид, ахмад настнууд эрүүл мэнд болон бусад зүйлдээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарчээ. Энэ бол ерөнхий зурлага. Зарим хүмүүс түүнээс сайн, зарим нь түүнээс муу ч гарч болно.
Хоёр: Мэргэлдэг эмээ дээр аав ээж минь намайг дагуулж очсон. Тэр эмээ “Хүү чинь Энэтхэг явж ном үзэх юм байна. Зүүн хүрээ Дашчойлон хийдэд суулгаж ном үзүүлбэл хурдан Энэтхэг явах юм байна. Гандантэгчинлэн хийдэд шавилан суухад Энэтхэг явах нь явна. Гэхдээ Дашчойлон хийдэд суувал түрүүлж явна” хэмээн хэлж би Зүүн хүрээ Дашчойлон хийдэд 1993 онд шавилж ном үзсэн.
Гурав: 2020 оны эхээр монголдоо эргэн ирсэн. Америкт Бостонд сурахаар бүх зүйл бэлэн болчихсон, тийзээ авчихсан байсан. Явахаас нэг хоногийн өмнө хил хаачихсан. Гэх мэт олон шалтгаанаас болоод явж чадалгүй монголдоо үлдсэн.
Дөрөв: Лам нар санал хураагаад энэ албанд томилогдсоноос хойш нэг жил гурван сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бурхан шашиндаа нэмэр болох сон, Монголын Бурханы Шашинтны төв-Гандантэгчинлэн хийдийн зүгээс бусад сүм хийдүүд, сүсэгтэн олонд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл хэрэгт ахиц дэвшил урьд урьдынхаас илүү гаргах юм сан гэж олон хүний хамтаар хичээж байгаа.
Тав: Монголчуудын бурханы шашин, уламжлалт соёл энэ бүгдээсээ хүн төрөлхтөн дэлхий дахинд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийг их сонирхож харж байгаа юм байна. Бид ч бас энэ талаасаа хувь нэмэр оруулах боломж байна.
Зургаа: Буддизм бол шинжлэх ухаан. Буддизм өөрөө шинжлэх ухаанч, буддизм шинжлэх ухаанд хамгийн ойр гэж барууны Альберт Эйнштейн тэргүүтэн судлаач, эрдэмтэн хүмүүс хэлсэн байгаад монголчууд бид монголын бурхан шашин энд ямар үүрэгтэй, тустай вэ гэдэг талаас нь дэлхийд энэ талаар өргөн далайцтай ажил хийх эхлэлийг чадлаараа тавьж чадлаа гэж үзэж байгаа.
Долоо: Гандантэгчинлэн хийд монголоор ном хурах ажлыг үе шаттайгаар ахиулъя гэж энэхүү албанд томилогдоод зорьж эхэлсэн ажлуудын минь нэг нь. Энэ хүрээнд Гандан хийдийн Жанрайсаг дацандаа монголоор сард хамгийн багадаа хоёр удаа хурал хурж байя гэж шийдвэр гаргаад энэ ажлын бэлтгэл хангах үе шат яваад тодорхой номуудыг орчуулаад бэлдсэн.
Найм: Цаг хугацаа хойшлохын хэрээр Богд гэгээн маань олон хүнд ач тусыг өгнө. Олон хүний оюун санааг зөв зохистой, амар амгалантай байхад чиглүүлнэ. Олон хүний сэтгэлийн зовлон, биеийн өвчинг хөнгөрүүлж өгнө. Энэ тал дээр онцгой ач гавьяаг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа.
Ес: Ирээдүйд Богд гэгээний маань айлдварыг сонсох гэж олон хүн цуглана. Богд гэгээнтэй уулзах гэж холоос олон хүн зорьж ирнэ. Үүнийхээ хэрээр улс орныхоо сайн сайхны төлөө олон сайхан үйлийг бүтээх боломжууд улам нэмэгдэнэ гэж харж байна. Хамгийн чухал нь монголын бурханы шашны хөгжил шинэ шатанд гарч, дахин сэргэлтийн онцгой үе ирнэ гэж лам хуврага, сүсэгтэн олон бид итгэж хүлээж байгаа.
Арав: Хамаг амьтан, дэлхийн хүн бүгд, монголын нийт ард түмэн “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, өөрсдийн зорьсон үйл бүхэн номын ёсоор сэтгэлчлэн бүтэж, хувь хүн, гэр бүл, хамт олон, улс орон минь улам хөгжиж, амар амгаланг хамтдаа эдлэхийн ерөөлийг өргөе. Энэ бүхэн бид бүгдийн сэтгэл зүтгэлээс хамаарах болохоор улам бид өөр өөрсдийгөө одоо байгаагаасаа ахиулж, ахиц гаргаж хамтдаа бүтээе гэж уриалмаар байна.