Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
-XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө ямар байх талаар ярилцлагаа эхлэх үү?
-XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө ямар байхыг үхэр хариулаач болон үхрийн зурлагаар гаргадаг уламжлалтай. Энэхүү зурлагаар жилийн эхэн болон сүүлээр салхитай байх нь. Модон могой жил хур тунадас элбэг, өвс ургамлын гарц сайн байх төлөвтэй байгаа. Жилийнхээ дундуур харьцангуй дулаан, хур тунадас багатай байх төлөвтэй. Хүмүүний хувьд идэр залууст ээлтэй, амгалантай. Хөгшид, ахмад настнууд эрүүл мэнд болон бусад зүйлдээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарчээ. Энэ бол ерөнхий зурлага. Зарим хүмүүс түүнээс сайн, зарим нь түүнээс муу ч гарч болно. Жилийн зурлага ерөнхийдөө ийм байлаа ч залуу хүн байна уу, ахмад хүн байна уу хүний өөрийн оюун санаа сэтгэл, үг яриа, үйлдэл ямар байна түүнээс хамаарна. Хувь хүн эрүүл мэнд, ажил үйлс, сайн сайхан боломж хамаарахаас гадна байгаль дэлхий ямар байх, түүнээс би ямар зүйлийг мэдрэх нь бидний бие, хэл, сэтгэл, үйлдлээс хамаардаг болохоор жилийн зурлага ийм байгаа тул бүх зүйл тийм байна гэсэн утгаар ойлгож болохгүй. Би үүний сайн сайхныг нь өөртөө илүү их авъя, анхаарах ёстой зүйлийг яаж даван туулах вэ, би өөрөө яаж хичээх вэ гэдэг талаас нь хандах хэрэгтэй байх.
-Та наран ургах зүг Сүхбаатар аймгийн хүн. Таны гэр бүлийнхэн, ойр тойрны хүмүүс шашин номд хэр ойр хүмүүс вэ. Бага нас нь хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрж өссөн. Аав, ээж хоёр минь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Бага байхад аав минь Орост сургуульд сурахаар явж ээж, эгч бид эмээ өвөөгийнхөө хашаанд амьдардаг байлаа. Би зургаан нас хүртлээ өвөө эмээгийндээ өссөн. Тэр утгаараа бурхан шашинд их ойр өссөн. Хэдий тэр үед социализмын үе байсан ч хашааныхаа хаалгыг түгжиж байгаад эмээ минь Алтангэрэл судраа бариад гэрээ эргэнэ. Орж ирээд бидэнд адис хүртээнэ. Өвөө минь мэгзэм уншихыг зааж өгнө. Миний хүү үүнийг уншвал шалгалтдаа сайн дүн авна. Айж тавгүйрхвэл үүнийг унш. Чамд хүч ирнэ. Тухайн зүйлээс чи аврагдана хэмээн зааж өгч би хүүхэд байхаасаа л маани мэгзэм уншдаг байлаа. Өвөө, эмээ минь бурханы шашинд ойр байж, нөгөө талаасаа бурхадын сургаал, эрдэмтэн лам хуврагуудын зөв явбал амьдралд яаж сайхан утга учиртай байх, буруу явбал яаж их зовж зүдэрч, үйлийн үр сайн, муу талаасаа амьдралд яаж хэрэгжиж байгааг бидэнд ярьж өгдөг байлаа. Өвөөгийн минь сургаал өдийг хүрэхэд их нөлөө үзүүлсэн. Зургаан наснаас аав минь сургуулиа төгсөж ирээд бид Дорноговь, Говьсүмбэр аймагт амьдрах болсон. Аав ээж минь өвөө эмээ шиг сүсэгтэй биш ч гэсэн тухайн үедээ бас сүсэг бишрэлтэй байсан. Жилдээ сүсэглэдэг хүмүүстээ очно. Бидний дагуулж очдог. Амьдралын зам мөрөө асуудаг, зөв зохистой сургаал ном сонсдог ердийн л сүсэгтэй гэр бүл.
-Том лам хуврагуудыг хойтын дүрийг тодруулахдаа урьд насны эдэлж хэрэглэж байсан эд зүйлээр нь таниулах гэх мэт зан үйл байдаг. Хойт дүр урьд насны амьдралаа ярьдаг, зөн билигтэй байх гэх мэтээр сонин содон зүйл сонстдог. Танд тиймэрхүү зөн совин байсан уу?
-Надад тийм зүйл байгаагүй. Би ердийн хүүхдүүдийн адил цэцэрлэгээр хүмүүжсэн. Хүүхдүүдийн л адил сургуульд сурсан. Харин өвөө эмээ минь бурханы ном үзэж лам болохыг зааж чиглүүлсэн. Даваажав гэж манай нутгийн ах бий. Тэр ах минь намайг лам болгох хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Тухайн үед аав ээж минь жаахан дэмжихгүй байсан. Харин өвөө эмээ тийм хүсэлтэй учраас анх ном үзэж эхэлсэн. Өдийг хүртэл явахад миний аав ээж, эмээ өвөө, хийдэд шавилсан үеэс анх үсэг заасан дээдэс багш нараас эхлээд олон хүний ач буянаар ном үзэх боломж олдож байсан. Энд эрдэмтэн дээдэс, багш нарын ач буян их бий. Түүнээс хувь хүн надад зөн совин гэх зүйл байгаагүй ээ. Би ердийн л хүүхэд байсан.
-Бурханы номыг та хэдэн наснаасаа үзэж эхэлсэн юм бэ. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн болтлоо дэвшинэ гэж төсөөлж байв уу?
-1991 онд Бакула Ринбүүчий багш манай аймагт морилсон юм. Сургуулийн амралт болчихсон би хөдөө байсан үе. “Бакула Ринбүүчий багш хүүхдүүдэд сахил хүртээнэ гэнэ” гээд өвөө минь намайг мотоцикл дээрээ сундлаад аймгийн төв рүү очсон. Тэр үед сахил хүртэж амжаагүй л дээ. Тэгээд 1991 оны есдүгээр сарын 25-нд анх аймгийн төвд Эрдэнэмандал хийдэд шавилж, анхны үсгээ үзсэн. Багшийнхаа нэрийг хамаагүй хэлж болдоггүй. Хэргийн тухайд гэдэг. Хэргийн тухайд багшийнхаа алдрыг өгүүлбэл Гүрдорж багшаараа анх үсэг заалгаж, дахин хэргийн тухайд багшийнхаа алдрыг айлдахад Жамба гэж унзад багшаараа ном заалгасан. Ингээд 1993 онд Улаанбаатар хотод ирсэн. Бусад шавь нарын адил Шашны дээд сургуульд сурахаар иртэл нас бага байгаад тухайн үед мэргэлдэг эмээ дээр аав ээж минь намайг дагуулж очсон. Тэр эмээ “Хүү чинь Энэтхэг явж ном үзэх юм байна. Зүүн хүрээ Дашчойлон хийдэд суулгаж ном үзүүлбэл хурдан Энэтхэг явах юм байна. Гандантэгчинлэн хийдэд шавилан суухад Энэтхэг явах нь явна. Гэхдээ Дашчойлон хийдэд суувал түрүүлж явна” хэмээн хэлж би Зүүн хүрээ Дашчойлон хийдэд 1993 онд шавилж ном үзсэн. 1995 оны сүүлээр одоогийн Цорж лам Н.Очирбат маань Энэтхэгээс багш Ганданд морилсон байна. Чойрын гүн ухааны ном зааж байна хэмээн найз маань надад хэлж бид хоёр энд ирж шавилан, Дашчойнпэл дацандаа зиндааны нөхдөө ном үзэхэд нь багш минь зиндаатай хамт яваарай гэж зөвлөн, Дашчоймбол дацандаа ном үзэж эхэлж байлаа. Хэдэн жил Монголдоо ном үзэж байгаад 1998 оны эхээр Энэтхэг явсан. Ингээд 2020 онд монголдоо ирсэн. Миний хувьд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн гэх надад бол ахадсан ажлыг гарцаагүй хийхээс өөр аргагүй болсон. Би ийм зүйл хийнэ гэж үнэхээр бодож байгаагүй. Энэтхэг явах үедээ хурдхан тэр номыг дүүргэж ирээд, Америк явж сурна гэж мөрөөддөг байлаа. 2012 онд үндсэн номоо дүүргээд ирэх боломжтой байсан ч Лхаарамбын шалгалт гэж эрдмийн ажлаа зургаан жил хийх хэрэгтэй гэж багш нар зөвлөж, цааш нь зургаан жил үргэлжлүүлээд 2018 онд дүүргэсэн. Мөн дахин нууц тарни, бясалгалын ном үзэхгүй бол дутуу гэж багш нар айлдсан. Миний хувьд ч тэгж бодож, 2018-2019 он хүртэл тэндээ нууц тарни, бясалгалын номд багш нараасаа сонсож, суралцаж байгаад 2019 онд монголдоо түр ирсэн. Удалгүй эргэн очиж нууц тарнийн номыг хамгаалах шалгалтаа өгсөн. Ингээд 2020 оны эхээр монголдоо эргэн ирсэн. Америкт Бостонд сурахаар бүх зүйл бэлэн болчихсон, тийзээ авчихсан байсан. Явахаас нэг хоногийн өмнө хил хаачихсан. Гэх мэт олон шалтгаанаас болоод явж чадалгүй монголдоо үлдсэн. Тэр үед Гандантэгчинлэн хийдийн харьяа Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуульд багшилж байлаа. Юун ийм алба, америк явж сурна, гадагшаа явна, хэл усаа сайжруулна, орчин цагийн онол шинжлэх ухаантай бурхан шашны мэдлэгийг хослуулж, ялангуяа залуу хүмүүст бурханы шашин гэдгийг логик, философи, гүн ухаан талаас нь таниулж, амьдралд нь хувь нэмэр оруулах юмсан гэх зорилготой байсан юм. Америк явахаа болиод Гомон дацан шиг тиймэрхүү орчин бүрдүүлээд, монголдоо ном заагаад сууя гэж их боддог байлаа. Гэвч энэ албыг хийхээс өөр аргагүй болсон.
-Энэхүү албаа аваад нэлээд хугацаа өнгөрлөө. Саяхан дэлхийн бусад шашны тэргүүнүүдтэй уулзалт хийгээд ирсэн. Ямар туршлага судалж ирэв?
-Лам нар санал хураагаад энэ албанд томилогдсоноос хойш нэг жил гурван сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бурхан шашиндаа нэмэр болох сон, Монголын Бурханы Шашинтны төв-Гандантэгчинлэн хийдийн зүгээс бусад сүм хийдүүд, сүсэгтэн олонд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл хэрэгт ахиц дэвшил урьд урьдынхаас илүү гаргах юм сан гэж олон хүний хамтаар хичээж байгаа. Амаргүй ажил. Зарим нь хугацаа шаардагдана. Саяхан гадагшаа хэд хэдэн орноор явахдаа хамгийн гол нь шашин хоорондын харилцан хүндлэл, ойлголцол, шашин хамтраад хүн төрөлхтний амар амгалан, сайн сайхны төлөө хамтдаа юу хийж болох вэ гэдэг дээр зөвшилцөх ажлын тэргүүн хэсэг байсан юм. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага, таниулах ажлыг удахгүй хийнэ. Европын орнууд олон зуун жилээр өөрсдийн шүтдэг шашин шүтлэг, түүндээ хандах хандлага, хийд орных нь үйл ажиллагаа жигдэрчихсэн. Тасалдаагүй гэх юм уу даа. Уламжлал нь алдагдаагүй олон жил болсон учраас үйл ажиллагаа, хөрөнгө санхүү, сүсэгтэн хоорондын уялдаа, ач буянаа өгч байгаа энэ бүх тогтолцоо нь бат болчихсон юм байна. Түүнээс гадна биднийг яаж дүгнэж байна, биднээс юу хүлээж байна гэдэг дээр анхаарал хандууллаа. Монголчуудын бурханы шашин, уламжлалт соёл, энэ бүгдээсээ хүн төрөлхтөн дэлхий дахинд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийг их сонирхож харж байгаа юм байна. Бид ч бас энэ талаасаа хувь нэмэр оруулах боломж байна. 17, 18, 19 дүгээр зууны үед монгол эрдэмтэн мэргэд ном зохиол туурвиж үлдээхдээ хүн төрөлхтний сүүлд судалж байгаа олон судалгааг тэр үед төвд хэл бичиг дээр энэтхэг, төвдийн мэргэдийн номыг эх сурвалж болгон бичиж үлдээжээ. Хүн төрөлхтөнд чухал орон зайд дутагдаад байгааг нөхөх, ийм сургаал номлол арга зүй тэнд байгааг бид аль болох ирээдүйд таниулах хэрэгтэй. Сая ч гэсэн энэ тухай эхнээс нь ярьж явлаа. Энэ нь өөрөө монгол хүний оюуны чадавх өнгөрсөнд ямар зүйл бүтээсэн энэ нь ирээдүйд ямар хэрэгтэй вэ гэдгийг олон хүний сайшаал итгэлийг хүлээсэн үйл хэрэг болохоор байна гэж би хувьдаа дүгнэлээ. Буддизм бол шинжлэх ухаан. Буддизм өөрөө шинжлэх ухаанч, буддизм шинжлэх ухаанд хамгийн ойр гэж барууны Альберт Эйнштейн тэргүүтэн судлаач, эрдэмтэн хүмүүс хэлсэн байгаад монголчууд бид монголын бурхан шашин энд ямар үүрэгтэй, тустай вэ гэдэг талаас нь дэлхийд энэ талаар өргөн далайцтай ажил хийх эхлэлийг чадлаараа тавьж чадлаа гэж үзэж байгаа.
-Та бурханы номыг монгол хэлээр унших тухай айлдсан. Орчуулгын ажил хэр явна. Монгол хэлээр орчуулж байгаа үр өгөөж нь юу байна вэ?
-Гандантэгчинлэн хийд монголоор ном хурах ажлыг үе шаттайгаар ахиулъя гэж энэхүү албанд томилогдоод зорьж эхэлсэн ажлуудын минь нэг нь. Энэ хүрээнд Гандан хийдийн Жанрайсаг дацандаа монголоор сард хамгийн багадаа хоёр удаа хурал хурж байя гэж шийдвэр гаргаад энэ ажлын бэлтгэл хангах үе шат яваад тодорхой номуудыг орчуулаад бэлдсэн. Бид төвд хэл дээр байгаа гэж бодож байгаа боловч бүгд төвд биш. Зарим нь тарнийн үсгүүд бий. Тарнийн үсгүүдийг төвд рүү ч бас орчуулж уншихгүй. Тарниар нь л уншина. Тарниараа байх нь илүү шид нь оршдог. Өндөр гэгээн тэргүүтэн, монголын мэргэд төвд хэлний уншлага, тарни үсэг энэ бүгдэд ая дан хийсэн. Энэ нь өөрөө дуун ухааны соёл болж монголд л байдаг, өөр улс оронд байхгүй уламжлал бурханы шашны соёлыг бий болгож үлдээсэн. Энэхүү соёлыг түгээхээр бид ажиллаж байна. Төвд уншлагыг огт үгүй болгоно гэсэн үг биш. Төвд уншлага ч явна. Бурханы ном, бурхан багшийн айлдсан бүх судрыг монголоор орчуулна гэсэн үг биш. Тэнд түрүүн хэлсэн тарнийн үсгүүд бий. Тэр түүгээрээ л байх нь чухал. Утга нь юу вэ гэвэл тайлбарлаж болно. Уншиж хэрэглэхдээ тарниараа л хэрэглэнэ. Орчуулж хэрэглэнэ гэдэг нь монгол хүн, тэр тусмаа залуу үеийнхэн бурханы сургааль, гүн ухаан, хүний явдал мөр яаж зөв байх, ертөнцийг үзэх үзэл нь яавал зөв байх вэ гэдгийг таниулах юм. Бурханы номоос хол байгаа шалтгаан нь өөрийн хэрэглэдэг үг хэлээр байхгүйгээс болоод байна гэж үзсэн. Үүнд ойртуулахын тулд бидний хамгийн гол, нэн тэргүүнд орчуулж түгээх зүйл нь оюуныг суралцуулдаг, оюуныг засаж өгдөг айлдвар сургаалийг орчуулж хүргэх нь чухал. Зарим нь тарниараа байна гэдэг нь кодолж, цаг нь болоогүй хүн ойлгох албагүй гэдэг утга яваа. Мөн бүх хүн ойлговол зохистой хэсэг бий. Үүнийг орчуулахын хэрээр орчуулгын сонгодог сайхан үг бий боловч бид түүнийг яриандаа хэрэглэхээ больчихсон байна. Тийм учраас бид тайлбартайгаар ямар нэгэн байдлаар хүргэх ажлыг эхлүүлсэн яваа. Энэ хараахан төгс гэх юм уу, эцсийн шатандаа ирж амжаагүй. Үүнийг орчуулах нь хүмүүст ойлголт өгөх, түүнээс ойлгоод өөрийн явдал мөр амьдралдаа ач тусыг нь хүртэхэд илүү ойр болгох зорилготой. Би ойлгохгүй ном уншуулахаар сүжиг сайн төрөхгүй байна. Би засал ном хийлгэж байгаагаа ойлгомоор байна гэсэн иргэдийн хүсэл байдаг. Тэгвэл үүнд зориулж галыг тахихдаа юу уншаад байна гэдгийг монголоор уншиж гал тахиж үзүүлж байгаа. Энэ нь би засал хийлгэж байгаа нь ямар учиртай вэ, би засал хийлгэж байхдаа юу бодох вэ зэргээ ойлгоно гэсэн үг. Засна гэдэг нь юу ч хамаагүй бодоод чимээгүй байж байхад тэнд хүн ном уншаад бүгдийг нь засчихна гэвэл тийм биш. Засна гэдэг нь надад байгаа болохгүй зүйлийг хүчтэй байвал багасгаад, бага бол арилгах зорилготой. Тэр арилахад ганц хүн тэнд ном уншаад гэхээсээ илүүтэй сонсож байгаа хүн өөрөө бодол нь юу бодох юм. Зарим үед даллаарай гэж байна. Тэгвэл үйлдлээрээ юу хийх вэ. Дээрээс нь арцаар утдаг. Утаж үнэрлэж байгаа зай өөрийн оюун санаа, өөрийн оролцоо энэ бүгдээрээ надад жаахан муу юм давамгайлаад байвал үйлдлээрээ багасгаж, энэ бүгдийн үр дүн засаж байгаа юм. Үүнийг засал гэдэг. Зарим хүн оюун санааны дархлаатай, оюун санаагаа зөв удирдаж чадвал муу юм тохиох нь бага. Хааяа нэг тохиолоо ч тус болдог. Оюун санааны дархлаагаа удирдаад, тэгж чадахгүй байгаа бол түүнийг багасгахгүй бол тэр нь олон сөрөг юмс авчраад байгаа учраас яаж багасгах вэ. Би дийлэхгүй байгаа юм чинь хэн нэгний туслалцаагаар даръя. Бие өвдөөд байвал Манал бурханы уншлага эрүүл мэндийг тэтгэдэг хүчтэй юм байна. Тэр хүчийг нь өөртөө авч даръя. Түүнийг дарахын тулд би тарнийг нь хэрэглэе. Зай юу амсдаг, юу үнэрлэдэг түүнийг нь хийвэл бодол ямар байх вэ. Энэ бүгдийг үр дүнд эрүүл мэндэд саад болоод байгаа зүйл нь жаахан багасна. Эмчилгээ нь зөв болох, онош нь тогтоогдох зэрэг үр дүн гарна. Энэ утгаараа заслын зарим номыг орчуулаад, хурж байгаа нь хүмүүст тэр утгаа ойлговол түүнийгээ бодоод, илүү сэтгэл нь түүнд сүсэг төрөөд, засрах нь зарим хүнд дөхөм байгаа учраас зарим заслын номыг орчуулгатай унших шаардлага гарсан. Орчуулж байгаагийн гол агуулга нь оюун санааг засах тал руугаа л явах ёстой.
-Бурханы шашинтай орнууд Богд тодруулах хүсэл сонирхол ихтэй байдаг. Х Богд монголоос тодорсон нь ямар давуу тал байна. Энэ нь бидэнд ямар ашигтай вэ?
-IX Богд гэгээний би дараа төрөлдөө ингэнэ гэсэн гэрээслэл байгаа. Урьдын Богд гэгээнтнүүдийн ном яаж үзэж, бурханы шашнаа дэлгэрүүлэхэд яаж зүтгэж байсан зэрэг бүх ном зохиол, айлдварууд байдаг болохоор сурч боловсрох, дээрээс нь шашин номынхоо үйл хэрэгт хичээх нь Богд гэгээний маань аав, ээж, гэр бүл бид бүгдийн оролцоотойгоор сайхан болно гэж итгэж байна. Цаг хугацаа хойшлохын хэрээр Богд гэгээн маань олон хүнд ач тусыг өгнө. Олон хүний оюун санааг зөв зохистой, амар амгалантай байхад чиглүүлнэ. Олон хүний сэтгэлийн зовлон, биеийн өвчинг хөнгөрүүлж өгнө. Энэ тал дээр онцгой ач гавьяаг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа. Монголын бурханы шашны тэргүүн, оройн дээд Очирдарь Богд гэгээн гэж бид дээр үеэс сүсэглэн залбирч ирсэн. Тийм учраас Монголын бурханы шашны тэргүүн оройн дээд Очирдарь Богд гэгээн маань ном эрдэмдээ суралцаж, монголын бурханы шашны үйл хэргийг зохионо гэдэг нь монгол өөрөө бурханы шашныг дэлхий дахинд түгээхэд онцгой ач холбогдолтой үйл хэрэг болно. Ирээдүйд Богд гэгээний маань айлдварыг сонсох гэж олон хүн цуглана. Богд гэгээнтэй уулзах гэж холоос олон хүн зорьж ирнэ. Үүнийхээ хэрээр улс орныхоо сайн сайхны төлөө олон сайхан үйлийг бүтээх боломжууд улам нэмэгдэнэ гэж харж байна. Хамгийн чухал нь монголын бурханы шашны хөгжил шинэ шатанд гарч, дахин сэргэлтийн онцгой үе ирнэ гэж лам хуврага, сүсэгтэн олон бид итгэж хүлээж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Тун удахгүй өвлийг өнөтэй давсны баяр сар шинийн баяр болох гэж байна. Та нийт сүсэгтэн олондоо сар шинийн мэндчилгээ дэвшүүлээч?
-Баярлалаа. Та бүхэндээ юун түрүүнд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье. Хамаг амьтан, дэлхийн хүн бүгд, монголын нийт ард түмэн “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, өөрсдийн зорьсон үйл бүхэн номын ёсоор сэтгэлчлэн бүтэж, хувь хүн, гэр бүл, хамт олон, улс орон минь улам хөгжиж, амар амгаланг хамтдаа эдлэхийн ерөөлийг өргөе. Энэ бүхэн бид бүгдийн сэтгэл зүтгэлээс хамаарах болохоор улам бид өөр өөрсдийгөө одоо байгаагаасаа ахиулж, ахиц гаргаж хамтдаа бүтээе гэж уриалмаар байна.
С.ОТГОНБАЯР