Жагсаал цуглаан, зарим нэг хүний ёо ёог хөдөлгөж, оёгийг нь сэрээж байна. Ган-Очир гэдэг залуу ХААН банкны дансанд 9,9 их наяд төгрөг, 3 тэрбум доллар ороод ирсэн тухай Цогтоогийн лайваар үзүүллээ. Нэг хүний дансанд ХААН банканд бүтэн жилийн туршд хүмүүс, том жижиг компаниуд бие биедээ шилжүүлдэг, хадгалдаг, үлдэгдэл, хуримтлал бүхлээрээ шахуу орчихсон байж болох уу? Би энэ лайвын дараа дансаа үзсэн хэдэн төгрөг байж л байна. ХААН банкныхны тайлбар хүн ухаж дүгнэхэд хүнд хэцүү байсан ч, тэрэнтэй тэрэнгүй нэг л тэмдэг хэн бүхэнд ойлгомжтой байсан. Тэр бол хасах тэмдэг. Хасах тэмдгийн араас хэдэн ч оронтой тоо бичсэн хасах бол хасах шүү дээ. Монголчууд уур бухимдалтай байгаа ч гэлээ нэг муу юм нэмэх, хасахаа бол ялгаж танихтайгаа байна. Монголчууд ядуу хэцүү ч гэлээ бичиг үсэгт тайлагдсан, дөрвөн аргын тоо мэддэг үндэстэн.
Нэг удаад 5 саяас дээш төгрөг мобайл, и банкаар шилждэггүй, 20 саяас дээших бүх гүйлгээ мөнгө угаалттай тэмцэх гэрээний дагуу хянагддаг энэ тэрийг больё. Хэрвээ нэг хүн унтаад сэрэхдээ л 3 тэрбум доллартой болчихдог юм бол Билл Гейтс, Уоррен Бафет нартай цуг дэлхийн ТОП баячуудын жагсаалтад орж, дэлхийн бүх хэвлэлээр гарч, супер од болно. Юу гээд л надад 3 тэрбум доллар, Монгол Улсын бүтэн жилийн төсвийн 50 хувь, Эрдэнэт үйлдвэрээс их орлого байна гээд л лайваар яриад сууж байх вэ дээ. Дээрэмдүүлж тонуулж баларна биз дээ. Шууд л онгоцны 1-р классын ангиллын билетээ аваад Парис, Дубай, Бали арал руу нисэж, 7 одтой буудлын Ерөнхийлөгчийн өрөө гэдэг хүн төөрмөөр том хэсгийг бүхлээр нь авчихсан, Японд нуугдаж байгаа Жак МА мөнгө зээлээч гээд л, Ким Кардашьян энэ тэр танилцъя гэж чатлаад, 50 бие хамгаалагч дагуулчихсан явж байх биз. Цуурна цуурна гэхэд ядаж дэлхийд багтахгүй, манай галактикт шингэхээргүй том цуурмааргүй байна.
Ган-Очир сонгуулийн хар машин хакердаж өгнө гэж өөрөө ярьж очоод, түүнийгээ бичиж аваад, хүн дарамталж байсан асуудалд орсон нөхөр. Цуураад л цуураад л яваад байх юм. Одоо цууралт нь наядын хэмжээнд очсон. Наядын дараа ямар тоо ч байдаг юм. Тооны машинд ч багтахгүй, толгой дүйрч, чих шуугиад байх юм.