Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Соёл, боловсрол, шинжлэх ухааны зөвлөлдөх уулзалт өчигдөр ХБНГУ-ын Берлин хотноо Холбооны Гадаад хэргийн яаманд боллоо.

Уулзалтад, Монголын талаас Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Боловсролын шинжлэх ухааны яам, Соёлын яам, ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Соёл, боловсрол, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаа, Соёлын гадаад бодлогын Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд В.Чечерегээр ахлуулсан тус улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтад оролцож буй төлөөлөгчид хоёр орны оюуны салбарын хамтын ажиллагаа тэртээх 1926 онд анхны 35 оюутан Германд ирж боловсрол эзэмшсэн үеэс эхэлснийг дурдаж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдэв. 

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа нь хамтарсан архелогийн судалгаа, оюутан солилцооны хөтөлбөр, шинжлэх ухааны салбарын хамтарсан бүтээл туурвих, соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, соёл урлагийн тоглолтыг зохион байгуулах зэрэг олон чиглэлийн ололт, амжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх хамтарсан төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сард ХБНГУ-д албан ёсоор айлчилж, Холбооны Канцлер Олаф Шолцтой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар харилцан тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ярилцсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд болон соёлын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтуудын талаар тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр танилцуулав.  

Талууд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор сүүлийн 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй Орхоны хөндий, Хархорум хотын архелогийн судалгааны үр дүнгээр 2024 онд виртуаль үзэсгэлэнг гаргаж олон нийтэд хүргэхээр ярилцав.

Мөн Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярилцсан 1000 инженер сургах болон боловсролын салбарын тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлэх, боловсролын салбарын сайн туршлагыг нутагшуулах, кино урлагийн салбарт хамтран ажиллах, Монгол судлалыг дэмжих чиглэлээр ажиллахаар ярилцлаа.

Мөн Монголын уран зургийн галлерейд хэрэгжүүлсэн Уран зургийг сэргээн засварлах төслийн хүрээнд мэргэжилтэн сургах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, музейн удирдлага, менежмент, сэргээн засварлалтын чиглэлээр Германы их, дээд сургуулиуд болон холбогдох чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болов.

Мөн энэ үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бремен хотод жил бүр зохион байгуулагддаг “Jazzhead” олон улсын жазз хөгжмийн фестивальд Ази тивээс анх удаа Улсын Филармонийн Баянмонгол чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.

Таны сурталчилгаа