Албан журмын даатгалын холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбаттай ярилцлаа.
-Өчигдрөөс хойш сошиалд “Албан журмын даатгалын хураамж нэг машинд 700 мянган төгрөг болсон” гэх мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар мэдээлэл өгөөч. Албан журмын даатгалын суурь хураамж нэмэгдсэн үү?
-Юуны өмнө нэмэлт мэдээлэл өгөх нь зүйтэй байх.
Монгол Улсад 2023 оны байдлаар 1.193.000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүний 58 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Тээврийн цагдаагийн албаны мэдээллээс харахад жилд 30 мянга гаруй зам тээврийн осол гарч байна. Жилд 3000-5000 иргэн эрүүл мэнд, амь насаараа зам тээврийн ослын улмаас хохирч байна. Зам тээврийн осолд өртсөн иргэдийн 51 хувь нь бага насны хүүхэд.
Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр хариуцлагагүй жолоочид зам тээврийн хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа юм. Бид жолоочийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд Албан журмын даатгалын суурь хураамжтай нь ажиллах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тиймээс даатгалын хураамжийг тооцох түр хэлэлцэх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
-Ямар өөрчлөлт оруулсан юм бол?
Нэгдүгээрт, согтууруулах, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд жолоо барьж оролцсон. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний хурдын хязгаарыг хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргасан. Гуравдугаарт, гэрлэн дохио, зохицуулагчийн дохио зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан. Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрж осол гаргасан тохиолдолд даатгалын суурь хураамж дээр 0.4 хувийг нэмж тооцож байгаа.
Тоон мэдээллийг аваад үзэхэд замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасан жолооч нарын ихэнх нь яг энэ дөрвөн төрлийн тохиолдлоор осол гаргасан байдаг. Эдгээр тохиолдолд даатгалын суурь хураамж нь нэмэгдэж тооцогдож байгаа.
-Тэгэхээр жишээ нь B ангиллын жолоочийн суурь хураамж дээр эдгээр зөрчлийг гаргасан тохиолдолд хэдэн төгрөг нэмэгдэх вэ?
-В ангиллын суурь хураамж 33 мянган төгрөг. Энэхүү суурь хураамж дээр нэмэгдэж тооцогдох зүйл нь тухайн жолоочийн туршлага, моторын багтаамж, оршин суугаа газрын харьяалал, хуулийн этгээдийн машин уу, хувь хүний машин уу, мөн хязгаарласан байна уу, үгүй юу гэдгээсээ хамаараад суурь хураамж нь харилцан адилгүй. Сүүлийн үед сошиалаар нэг машины хураамж 700 мянга болсон гэх тоо яригдаад байна. Ийм тоо байхгүй.
-Өндөр дүнтэй даатгалын хураамж авч байгаа тохиолдлууд бий юу?
Өндөр дүнгээр даатгалын хураамж авч буй тохиолдол нь дандаа хуулийн этгээд дээр байгаа. Ялангуяа нийтийн тээвэр, нүүрс тээвэр, хүн тээвэр, түгээлт тээвэр зэрэг С, D ангиллын машинууд дээр өндөр дүнтэй хураамж бодогдож байна.
Яагаад гэвэл эдгээр нь хязгааргүйгээр хийгдэж байгаа. Хязгааргүй хийгдэж байгаа гэдэгт нь тухайн хуулийн этгээдийн машиныг хэн ч барьж болно. Ямар ч эрсдэлтэй хүн барих магадлал өндөр учраас суурь хураамж нь өндөр тооцогдож байгаа. Хувь хүн дээр бол 700 мянган төгрөгийн суурь хураамж гарч байгаа тохиолдол байхгүй.
-В ангилалтай хувь жолоочийн суурь хураамж зөрчил гаргасан нэмэгдэлтэйгээ хамгийн өндөр гарсан нь хэд байгаа вэ?
-Системд гарч ирсэн иргэдийн гэрээний мэдээллийн сүүлийн хоёр өдрийг жишээ болгон харъя. Жишээ нь приус-30 машиныг харахад 40-86 мянган төгрөгийн хооронд байна. Энэ нь тухайн хүний зан төлөвөөс хамаарна. Дүрэм зөрчсөн байна уу, нөхөн төлбөр авсан байна уу, ямар багтаамжтай машин унасан байна, хязгаарласан байна уу, хязгаарлаагүй байна уу гэдгээсээ хамаарна. Моторын багтаамж өндөртэй автомашины хувьд хязгаарлаагүй тохиолдолд өндөр гарна гэсэн тооцоолол байгаа. Хэрэв дээр дурдсан дөрвөн төрлийн зөрчлийг гаргавал суурь хураамж дээр нэмэгдэнэ. Энэ нь жолоочийг хариуцлагажуулахаар хийгдэж байгаа ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Дээрх дөрвөн зөрчлийг давтан гаргавал дахин нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Даатгалын гэрээний хугацаа нь дуусчихсан 2025 онд даатгалын гэрээг нь хийх юм бол 2024 оных нь үзүүлэлтийг авч байгаа. Үүнийг бид цагдаагийн байгууллагаас авдаг. Тэгэхээр эдгээр дөрвөн төрлийн осол зөрчил гаргасан тохиолдолд нэмэгдэж тооцогдоно гэсэн үг.
-Эсрэгээрээ осол гэмтэл, зөрчил гаргаагүй тохиолдолд сайн жолоочийн хураамжийг хасаж тооцох зүйлүүд бий юу?
-Даатгалын Bonus malus гэж систем бий. Муу жолоочийн бонус нь хасагдаад, оноо нь муу болоод бүх төрлийн хураамж нэмэгдэх зарчим үйлчилдэг. Сайн жолоочийн бонус нэмэгддэг тогтолцоо хэрэгжээд явж байгаа.
Жишээ нь, нэг ч удаа нөхөн төлбөр аваагүй бол тухайн жолоочийн хураамж буураад явна. Суурь хураамж нь 33 мянга байсан бол зөрчил гаргаагүй бол 17, 18 мянга болдог юм уу. Тэр тогтолцоо хэвээрээ байгаа.
Жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцуулахын тулд хийж байгаа ажлуудын нэг нь гэж ойлгож болно. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд хийж буй ажлуудын нэг нь. Замын хөдөлгөөнд жолооч нарыг соёлтой оролцуулахын тулд хийгдэж байгаа ажлуудын нэг нь гэж бас ойлгож болно.
-Энэхүү журам хэзээ батлагдсан юм бэ?
-Зохицуулалт нь 2023 оны аравдугаар сард батлагдсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
-Та дээр дурдсан. 1.1 сая машин Монгол Улсад бүртгэлтэй байна гэж. Тэгвэл тухайн машинууд бүгд албан журмын даатгалд даатгуулсан уу?
-Одоогоор 68 хувь нь албан журмын даатгалд хамрагдсан. Ялангуяа бидний анхаарах нэг асуудал нь А ангиллын хамрагдалт маш муу байгаа. Мотоцикл, суррон зэрэг нь албан журмын даатгалд хамрагдалт маш муу байгаа.
С.ОТГОНБАЯР