Цаг үеийн мэдээ

Монгол хүний үнэ цэнийг өргөж, ажиллаж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан оны онцлох хүмүүсийг тодруулдаг “Алтан сарнай наадам” он солигдох мөчид шилдгүүдээ тодрууллаа. “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо”-ноос 2001 онд эхлүүлсэн уг наадмыг энэ онд 21 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмжтэй нийгэм гэсэн таван төрөлд 100 орчим төсөл өрсөлдсөн юм. Улмаар сүүлийн шатанд 15 төсөл тунан үлдэж, шүүгчдийн саналаар энэ оны шилдгүүд тодорчээ. 

“Алтан Сарнай” наадмын тухай эргэн сануулахад 2020 он хүртэлх 19 удаагийн наадмыг нийгэм-эрүүл мэнд, соёл урлаг, спорт, эдийн засаг-бизнес, бүтээн байгуулалт-инновац, үйлчилгээний салбарын онцлох хүн болон Дэлхийн Монгол Хүн гэсэн долоон номинацаар шалгаруулдаг байжээ. Харин 20 дахь жилийнхээ ойн босгон дээр тус наадам агуулгаа шинэчилж, хамтын үнэ цэнийг бүтээн нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төслүүдийг онцлох болсон ба ийнхүү гурван жилийн дараа дахин зохион байгуулагдсан аж. Тиймдээ ч “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо”-ноос энэ жил өнгө төрхөө өөрчилж, шинэчилсэн агуулгаа шинэ хэв маягаар хүргэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Үүний зэрэгцээ олон нийтийн саналыг www.altansarnai.mn вэбсайтаар авсан нь энэ удаагийн наадмын томоохон онцлог байв. 

Ингээд таван төрөлд шилдгээр шалгарсан төслүүдтэй танилцъя.

БАЙГАЛЬ ОРЧИН

Энэ төрөлд НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС Холбоо, ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц төсөл шалгарсан юм. Одоогийн байдлаар тус төслийн үр шимийг 3,345 өрх, 10,200 гишүүнтэй гэр бүл хүртсэний сацуу энэ өвөл 1,389 өрх 14 байршилд багц хүлээн авах ба ингэснээр нийт тоо 4734 хүрч буй. 

БОЛОВСРОЛ 

Боловсролын төрөлд Unitel HUB төсөл шалгарсан. Энэхүү төсөл нь 21 аймгийн хүүхэд залууст STEM боловсрол олгож, робот угсрах, код бичих, электроникийн суурь ойлголтуудыг өгөх сургалтуудыг тогтмол явуулж, ирээдүйн инженерүүдийн анхны гараагаа эхлэх цэг нь болж буй. Тэд “Хамгийн өргөн боломжийг хүн бүрд жигд хүртээнэ” хэмээх эрхэм зорилго дор хүүхэд бүрд тэгш боломж хүртээн ажиллаж байна. 

ЭРҮҮЛ МЭНД 

Уг төрөлд “Оюу толгой” компанийн 2021 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж буй “80 насалъя” аян шилдгээр шалгарчээ. Энэхүү аян нь монгол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд эрчүүд эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар гэр бүл, нийгэмдээ олон жилийн турш түшиг тулгуур болоход уриалах ажлуудыг шинэлэг байдлаар өрнүүлсэн юм. Мөн өөрт тулгарсан асуудлыг ярилцах талбар www.80nasalya.com вэбсайтыг хөгжүүлжээ. 

ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМ 

Хүртээмжтэй нийгмийн төрөлд “Монголын сонсголгүй иргэдийн адилслыг бэхжүүлэх” төсөл шилдгээр шалгарав. Уг төслийг Тэгш Тусгал ТББ-аас Монголын Сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтран 2021-2024 онд Бүгд Найрамдах Финлянд улсын Гадаад Харилцааны яам болон Финляндын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Төслийн үр дүнд Монгол Улсад хэрэглэгдэж буй монгол дохионы хэлийг судалж, баримтжуулан цахим толь бичиг бүтээсэн аж. 

ИННОВАЦ 

Энэ төрөлд Чимэгэ Системс компанийн ээлжит нэгэн төсөл шалгарсан юм. Тодруулбал, Монголын анхны хиймэл оюунт ажилтанг танилцуулжээ. Энэ бол харилцагчийн үйлчилгээний чиглэлд мэргэшсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн цогц систем юм. Тодруулбал, тус виртуал ажилтан англи монгол хэлээр чөлөөтэй ойлгох ба кирилл, латин текстийг таньж, тухайн байгууллагын сувгуудыг хариуцдаг хүн шиг ойлгож хариулна. 

Таны сурталчилгаа