Цаг үеийн мэдээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй зорилтот бүлгийнхнийг орон сууцанд хамруулах талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодруулга авлаа. Тэрээр:

-Хүний хамгийн эхний хүсэл мөрөөдөл бол тухтай амьдрах. Тухтай амьдралын эх үүсвэр бол орон сууц. Орон сууцанд оръё гэхээр хэд хэдэн зүйлүүд бий. Шууд амьжиргаатай холбогдоод явчихна. Орон сууцыг бол барьж болж байна. Орон сууцанд төлдөг мөнгө төгрөг нь юу билээ, орлого нь юу билээ гэдэг асуудлууд бий болно. Үгүй гэвэл хөрсний бохирдол, утааны бохирдол гээд асуудлууд гарч ирж байна. Нөгөө талдаа хоёр өөр Монгол байна. Хүн амын 50 хувь нь суурьшсан нийслэл хот, нөгөө 50 хувь нь 21 аймаг, сум суурин газарт хуваагдсан хөдөөгийнхөн. Манай Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны бодлого бол суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар, аймагт амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ойртуулах юм бол энэ төвлөрөл байхгүй болно. Улаанбаатар мэдээж хөрсний бохирдол, агаарын бохирдол, түгжрэлтэйгээ тэмцэж байгаа. Тэр тэмцэлд манай яам хэрхэн тус болох вэ гэвэл аймгийн төвүүдэд хүмүүс амьдрах сонирхолтой болж, сумандаа амьдрахад аймгийн төвөөс дутахгүй байвал хот руу хүмүүс ирэхгүй.

Урьд өмнө маш зөрүүтэй байдаг байсан. Одоо харьцангуй гайгүй болж байна. Гэхдээ сум орон нутагт сайн мэргэжилтнүүд очихгүй байна. Тиймээс сумуудад төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг амьдруулах эхний орон сууцуудыг барьж эхлэх гэж байна. Мөн хувийн бизнес эрхлэгчдийг дэд бүтцээр хангах замаар орон сууцжуулах ёстой. Улаанбаатар хотыг гэхээр хэд хэдэн зовлон байна. Дулааны хүчин чадлын асуудал байна. Цахилгаанаа ч өгөх боломжгүй болчихсон. Тиймээс энэ мега төслүүдийг эхлүүлж байна.

Ипотекийн зээлээ судлаад үзэхэд нэг хүн хоёр гурваар нь авсан байна. Манай яамны бодлого бол дөнгөж гэр бүл болж байгаа залуу гэр бүлийг эхэлж орон сууцаар хангаад тэр хүмүүс илүү тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх. Тэгээд хаус даа амьдарна уу, 150 м2-даа амьдарна уу, тэр нөхцөлийг хангах гээд үзээд байна.

-Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг бүрдүүлэх асуудал хүнд шүү дээ?

-Хүмүүстээ хүртээмжтэй болгох зорилгоор анх удаа байр авч байгаа хүмүүстээ өгье. Урьдчилгаа бүрдүүлэх асуудал дээр ч тэр. Байрны үнийг багасгах шаардлагатай тулж байна. Багасгая гэхээр байрны чанар уначих гээд байдаг. Тэгэхээр м2-ыг нь багасгахаас өөр аргагүй. Бид утаанаас, яндангаас салмаар байна. Эдгээр хүмүүсийг бага ч гэсэн м2-тай байранд оруулъя. Ийм үе шаттай бодлогыг хэрэгжүүлж байна. Жил бүр 500 тэрбум төгрөгийн орон сууц зах зээл дээр гардаг байсан. Үүнийг хоёр дахин нэмээд өгөхөөр эрэлт нэмэгдэнэ. Ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх орон сууцанд олгохгүй. 50 м2 хүртэлх байранд ипотекийн зээл олгоно.  Ипотекийн зээлийг анх удаа хүсэж байгаа иргэнд олгоно. Эхлээд байргүй хүмүүсийнхээ хэрэгцээг хангах шаардлага байна шүү дээ. 50м2 гэдэг чинь хүн амьдрах боломжтой. Тэрний ард яндан л буурч байх ёстой.

-30 хувиа бүрдүүлэх боломжгүй иргэд түрээслээд өмчлөх гэх мэт өөр хэлбэрээр орон сууцанд орж болох уу?

-Орон сууцтай болоход дөрөвхөн нөхцөл байгаа. Зах зээл дээрээс үнэтэй орон сууц авч чадах нь бизнесийн асуудал. Ипотекийн зээл, түрээслэх, түрээслэх замаар өмчлөл дөө авах, амины орон сууц гэх мэт олон арга зам байна. Амины орон сууцтай хүмүүс их байна. Үүнийг орон сууцтай адил болгож болно. Гэвч дулаан алдагдлын асуудлаас болж дулаан, цахилгааны асуудал гарч ирдэг.

Төвлөрсөн газар байр өгөхгүй. Түгжрэл нэмэгдэнэ. Хотын зах, аймаг сумууд руу байр өгч эхэлнэ. Гол шалтгаан нь хотоо задалъя гэж байгаа юм. Орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдэд түлхүү өгнө.

Таны сурталчилгаа