Цаг үеийн мэдээ

Уртын дуу эгшиглэхэд Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийг санагдуулдаг билээ.

Монголчууд бидний өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн уртын дууны урлаг өнөө цагт ч улам төгөлдөржин хөгжсөөр байна. 

Уртын дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжилж яваа уртын дуучин Ч.Цэрэндэжид Дорноговь аймгийн Саран Хөхөө театрт 33 жил уртын дуучнаар ажилсан юм. Энэ хугацаанд ЗХУ, Болгар, Румын, Чех, Польш, Унгар, 1986 онд Хойд Солонгос, 1987 онд Чех,  2000 онд Япон улсад, Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Тайвань, Малайз, Индонез зэрэг улс орнуудад уртын дууны өв соёлоо сурталчилж, олон орны тайзан дээр уртын дуугаа эгшиглүүлсэн билээ. 

Ч.Цэрэндэжид нь уртын дууны өв уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах зорилгоор өөрийн урын сангийн 14 дууг багтаасан цомог, говийн соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн уртын болон богино дуугаар тус тус CD цомог бичүүлж нийтийн хүртээл болгосон байна. Мөн тэрээр өдгөө “Эвийн эгшиг” уртын дууны дугуйлан хичээллүүлж 9 жилийн хугацаанд 500 гаруй шавь бэлтгэн гаргажээ.  

Таны сурталчилгаа