“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурж, баталгаажуулан улмаар олон улсын “Хүн ба шим мандлын сүлжээ”- нд бүртгүүлсэн нь олон улсын хэмжээнд хил дамнасан экосистемийг хамгаалах сайн жишиг загвар болсон гэж үздэг.
Хил дамнасан дархан газрыг байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан комиссын 8-р хуралдаан БОАЖЯ болон Увс аймгийн Улаангом хотод цахимаар болон танимаар зэрэг хуралдлаа.
“Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд Байгаль орчны салбарт, зах зээлийн нөхцөлд хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулснаас хоёр орны уламжлалт харилцаа шинэ нөхцөл байдалд зохицон хөгжиж ирсэн. Мөн хөрш зэргэлдээ дархан газруудын хамтын ажиллагаа нь Алтай-Соёны эко бүсийн ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах, судлах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан” гэдгийн БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Хил дамнасан тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааны хүрээнд нүүдлийн амьтдын амьдрах орчныг хамгаалах, хадгалах, сайжруулах олон талт арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал: Хоёр улсын хил дамнан амьдардаг биологийн олон янз байдлын түлхүүр зүйл болох аргаль хонь, ирвэс, цагаан зээр зэрэг амьтдыг хамгаалах талаар хамтарсан судалгааны ажил хийж, мэдээлэл солилцох ажлууд идэвхжиж байгаа зэрэг олон талын ач холбогдолтой.
Уг хамтын ажиллагаа нь Монгол-Орос-Хятад 3 улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд улсын хил дамнасан холбоос нутгуудыг байгуулах, зэрлэг амьтан, ургамал, нүүдлийн шувуудыг хамгаалах зорилт, арга хэмжээтэй нийцэж буйг хуралдааны үеэр дурдав.
Хил дамнасан шим мандлын нөөц газрын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн 2024-2028 оны хамтарсан менежментийн төлөвлөгөөний төслийн тухайд 2050 он хүртэлх Даян дэлхийн биологийн олон янз байдлын үзэл баримтлал болон нэгдэн орсон олон талт гэрээ, хэлэлцээрүүдийн шууд хамаарах нөхцөл шаардлагуудыг тусган шинэчлэх саналаа Монгол Улсын талаас илэрхийллээ.
Хуралдаанд Ажлын хэсгийн ОХУ-ын талын даргаар Маканова Ирина Юрьевна, Бүгд Найрамдах Тува Улсын Ойн аж ахуй, Байгаль орчны сайд Сарыг-Хаа Темир Кызыл–Оолович болон МУ-ын БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, ЗГХА Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Хөтөлбөрийн менежер Б.Мөнхчулуун нар оролцлоо.