Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тооцоо судалгааг гаргаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүргийг хэрэгжүүлэх, нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабыг 12 дугаар сарын 20-ны өдрөөс байгуулан шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, авто тээврийн шалган нэтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг зохион байгуулах, өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэлээ.
Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж байна
Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдийг цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, "Сүхбаатарын талбай - Скай ресорт", "Офицеруудын ордон - Тэрэлж чиглэлд нэмэлт автобусыг энэ сарын 21-ний өдрөөс явуулж эхэлсэн. “Офицеруудын ордноос Тэрэлж” чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, “Сүхбаатарын талбайгаас Скай ресорт” чиглэлд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байна. Цаашид нэмэлтээр 6 чиглэлд тусгай зориулалтын автобусыг гаргахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа 4 эмнэлэгт 966, бусад яамдын харьяа 4 эмнэлэгт 236, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 10 эмнэлэгт 1528 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна. СХДЭМТ-ийн Баянхошуу салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний 50 ор, "Хантуул" хүүхдийн сэргээн засах төвд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 50 ор дэлгэнэ” гэлээ.
Нийслэлийн 105 хорооны 47462 айл, өрх, 1437 аж ахуйн нэгж, байгууллага, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, хуулийн этгээдийн харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлээд байгааг НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар хэлж байв. Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн буюу Улаанбаатар хотоос шахмал түлшийг гадагш гаргахыг оролдсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.