Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн өнөөдөр (2024.12.23) дүнгээ гаргалаа. “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд 10 их, дээд сургуулийн мэтгэлцээний клубүүдийн 36 баг шалгаран өрсөлдөж, дөрвөн тойргийн мэтгэлцээн хийснээс Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Бест клубийн “Монад” баг, мөн Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Беркли клубийн “Дайралцаан” баг тунаж, эцсийн шатны тэмцээнээ хийв.
Иргэд тайван жагсаал, цуглаан хийхдээ төрд урьдчилан мэдэгдэх нь буруу гэсэн шийдлийг хамгаалж болон няцааж мэтгэлцсэн эцсийн шатны мэтгэлцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 2, 3 дугаар ангийн оюутан О.Энхжин, О.Гантулга нар Засгийн газрыг төлөөлж, тайван жагсаал, цуглаан хийхээ иргэд төрд мэдэгдэх нь буруу гэх байр суурийг хамгаалсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар ангийн оюутан Б.Хонгорзул, Б.Ариунзаяа нарын “Дайралцаан” баг сөрөг хүчин болж энэхүү “буруу” гэсэн шийдлийг няцааж мэтгэлцэв. Өөр өөрсдийн үзэл санаа, үндэслэл, нотолгоог жишээ баримт, олон улсын чиг хандлага, шинжлэх ухааны судалгаатайгаар баталсан ширүүн мэтгэлцээнд Засгийн газрыг төлөөлсөн “Монад” баг ялж, Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний аварга боллоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээний шагналыг Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын анхны болон хоёр дахь тэргүүн Б.Пүрэвсүрэн, С.Жаргалсайхан тэргүүтэй парламентын мэтгэлцээний үе үеийн аваргууд, шүүгчид гардуулав. Тэмцээнийг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус тэмцээн өрнөж, Үндсэн хуульт ёсны тухай өргөн хүрээний сэдвийг хөндсөнөөрөө онцлог болсныг дурдаад, тэмцээнд оролцохын тулд оюутан залуус их зүйлийг судалж, сурч, мэдэж авахын зэрэгцээ, өөрсдийн болон өрөөлийн нотолгоог харьцуулан дүгнэх, шүүн тунгаах, олон талаар эргэцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээнд суралцах боломжтой байдгийг чухалчлан өгүүлсэн юм. Тэрбээр, парламентын мэтгэлцээний төрөл зүйл, дэг соёлыг цаашид улам хөгжүүлэх, англи хэлээрх мэтгэлцээнийг өрнүүлж үндэсний багуудаа олон улсын тэмцээнд бэлтгэн, дэлхийн дэвжээнд өрсөлдөх цаг болсныг дурдав.