Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2024.12.23) хуралдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа улсын болон дүүргийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтэрч буй технологи, санхүүжилт, засаглалын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөснийг хуралдааны эхэнд танилцуулсан юм.
Хуралдаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн захирал, доктор, профессор Ц.Төмөр-Очир, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Отгонбаатар, Цэргийн төв эмнэлгийн захирал, хурандаа Б.Энх-Од, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ нар мэдээлэл хийлээ.
III эмнэлэг улсын хэмжээнд зүрх судасны мэс засал, мэдрэлийн болон зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх хамгийн өндөр ачааллыг авч ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагад ажиллаж байна. Нийт 810 ажилтантай бөгөөд үүний 191 нь эмч, эм зүйч, 376 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна. Тус эмнэлэг Монгол Улсад хараахан бие даан хийх боломжгүй нарийн ур чадвар шаардсан, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй юм. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны үр дүнд тус эмнэлгийн төсөв сүүлийн гурван жилд 3.3 дахин нэмэгдсэн ч 2024 онд 19.2 дахин буурчээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгааг доктор, профессор Ц.Төмөр-Очир танилцуулав.
Арьсны өвчин судлалын Үндэсний төв Монгол Улсын хэмжээнд арьс, харшил, эмчилгээний гоо заслын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатны төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг юм. Арьсны төрөл бүрийн өвчлөл, харшлын үр дүнтэй эмчилгээнүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд арьсны хортой, хоргүй хавдрыг авах мэс заслын аргууд, хэт авианы оношилгоог шинээр хийж, мөн харшлын паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Улсын хэмжээнд арьс, харшлын тусламж үйлчилгээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын энэ талаарх чадавхыг сайжруулахад анхаарал хандуулж байгаа хэмээн тус эмнэлгийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг мэдээллээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, тэр дундаа сувилагч нэн дутагдалтай байгааг доктор, профессор Ж.Отгонбаатар онцолсон юм. Нийт 1145 ажилтантай тус эмнэлэгт 240 эмч, 295 сувилагч ажиллаж байна. Эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг тус төвд Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын дагуу 13, Олон улсын магадлан итгэмжлэл (JCI)-д хамрагдах хүрээнд 20, нийт 33 үйлчлүүлэгчийн тусламж, үйлчилгээ авч буй процессын судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд эмчилгээ, үйлчилгээг чиг үүрэг, тасаг нэгжээр хуваагдсан байдлаар бус, үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээний нийт процессын түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тухай доктор, профессор Ж.Отгонбаатар ярив.
Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсгийн болон хүйтэн зэвсгийн гэмтэл, эм, химийн бодисын хурц хордлогын эмчилгээ, үйлчилгээг хариуцахын зэрэгцээ Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдгээрийн ар гэрт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, мөн Баянзүрх дүүргийн мэс заслын тусламж үйлчилгээг хариуцдаг байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од танилцуулаад, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг, цэргийн анги гэдгийг тодотгов. Нийт 346 ажилтан, алба хаагчийн 174 нь их эмч, 278 нь сувилагч ажээ. Эмнэлэг нийтдээ 570 ортой бөгөөд энэ сарын 10-ны байдлаар ор/хоногийн гүйцэтгэл 74.7 хувьтай байгаа гэв. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаггүй тул тус салбарын бодлогын зохицуулалт, түүнд оруулж буй өөрчлөлт зэрэг асуудлаар саналаа өгч чаддаггүй гэдгийг хурандаа Б.Энх-Од дурдлаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Өнөр хороолол болон Баянхошуу бүсийн 150 мянга, түр оршин сууж буй 25 мянга орчим хүн амд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мөн дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус төв ЭМДЕГ-тай 176 оношны хамааралтай бүлгээр гэрээ байгуулж, гүйцэтгэлийн дагуу 14.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжилсэн боловч анхан шатны маягт гүйцэд хөтлөөгүй гэсэн шалтгаанаар 1.3 тэрбум төгрөгийг эх олонлогийн хасагдлаар хассан тухай төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан ярив. Тэрбээр цэргийн албанд татагдах насны залуусын эрүүл мэндийн байдал тааруу байгааг анхааруулж, салбарын хэмжээнд хүний нөөц дутагдалтай байгаа, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бодитой болгох, эмнэлзүйн стандарт, заавар, удирдамжийг үе шаттайгаар шинэчлэх шаардлага байгааг тэмдэглэв.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг бол 2004 оноос “удирдлагын гэрээгээр” ажиллаж буй цорын ганц эмнэлэг юм. Монгол хүний нас баралтын гол гурван шалтгааны нэгдүгээрт төрөл бүрийн хавдар, хоёрдугаарт амьсгалын замын өвчлөл буюу хатгаа, гуравдугаарт архины хордлого орж байгааг Хүний гавьяат эмч М.Чимгээ танилцуулгадаа онцолж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад юуны өмнө эмийн хангалт, сонголтыг зөв, оновчтой хийх нь чухал болохыг дурдсан юм. Тэрбээр эмнэлгийнхээ үйлчилгээ, менежментээр жишээлэн тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлсний үр дүнг танилцуулж, салбарын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээний өртгийг бодитой тогтоох, боловсон хүчний, тэр дундаа сувилахуйн мэргэжилтнүүдийн гадагшлах урсгалыг сааруулах шаардлагатайг анхаарах нь зүйтэй гэлээ.
Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаах мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Г.Очирбат нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд эмнэлгүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, гүйцэтгэлээс илүү гарсан нөөцөө захирах эрхтэй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ажлын ачаалал болон санхүүжилтийг оновчтой болгож, салбарын удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний тогтолцоо, засаглал, санхүүжилтийн асуудлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа тэмдэглэлээ.