"Белград 2023" ДАШТ-ий 68 кг-д Энхсайханы ДЭЛГЭРМАА эхний тойрогт гоц мөргөж, Сербийн 18 настай бөх Эмилия Яковлевичийг 14:4 оноогоор, Казахстаны ахмад бөх, олимп дэлхийн 4 медальт Елена Шалыгинаг 66 секундэд цэвэр, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрукийг хүч тэнцүүхэн барилдааны эцэст 2:1 оноогоор ялж шөвгийн дөрөв рүү оров.
Э.Дэлгэрмаа хагас шигшээд АНУ-ын 23 настай бөх Эмма Брантилтай хүч үзнэ.
72 кг-д Энх-Амарын ДАВААНАСАН Польшийн Ивона Стрзалкаг 8:1 оноогоор, дараагийн даваанд Болгарын С.Георгиеваг 9:1 оноогоор ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэрээр хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноватай барилдах юм.
Харин 62 кг-д 2017 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн ОРХОН шөвгийн наймд Германы Луиза Нимешийг 3:0-ээр ялж явсан ч барилдааны төгсгөлд оноо алдан 3:4 оноогоор ялагдав.