“Ханжоу 2022” Азийн Наадамд оролцож буй манай талбайн теннисчид өчигдөр /2023.09.24/ эхний тоглолтоо хийлээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чогсомжавын Маралгоо эхний даваанд Саудын Арабын Яра Алхогбаниг 6:0, 6:1-ээр ялснаар дараагийн даваанд энэ тэмцээнд оролцогчдыг чансаагаар тэргүүлж буй БНХАУ-ын Чин Вэн Жэнтэй хүч сорихоор боллоо. Өдгөө 20 настай нанхиад бүсгүй Испанийн Барселонад бэлтгэлээ базаадаг.
Дэлхийн чансааны 22-т эрэмбэтэй, тэмцээнээс олсон орлого нь 2 сая “ногоон” давсан нэгэн. Тэрбээр энэ жилийн Америкийн Их Дуулгад шөвгийн наймд хүрч, замналынхаа оргил амжилтыг үзүүлсэн билээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүч сорьсон Ч.Мартаа эхний даваанд БНСУ-ын туршлагатай теннисчин Хан На Лаед 1:6, 3:6-гаар дийлдлээ. Цагтаа дэлхийн чансааны 149-д бичигдэж, хоёр ч удаа Их Дуулга тэмцээнд хүч сориод амжсан, хүчтэй өрсөлдөгч байв.