Цаг үеийн мэдээ

МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг "Сумын цолтон болон залуу бөхчүүд”-ийн намрын эхний барилдаанд 416 бөх авхаалж самбаа, уран мэх уралдуулан барилдсанаас Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Ёндонгийн Гантулга ес даван түрүүлж, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням үзүүрлэв. Ийнхүү Д.Цэрэнням заан бөхийн өргөөний сумын цолтнуудын барилдаанд тав дахь удаагаа үзүүрлэлээ. 

Дөрөвт Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Төрбат, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, сумын заан Х.Чойжилсүрэн нар шалгарсан бол, долоод Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Баянмөнх, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Г.Пүрэвбаатар нар үлдэв. 

Энэхүү барилдаан нь 2023-2024 оны улирлын эхний барилдаанаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн чансааг тогтоох бөгөөд уг барилдааны чансаагаар дээд түвшний барилдаан буюу аймаг, цэрэг болон улсын цолтон ахалсан барилдаанд оролцох эрхийг авах боломжтой бөгөөд одоогоор энэ барилдаанд шөвгөрсөн бөхчүүд ирэх 10-р сарын 29-нд болох Нийслэлийн өдрийн уламжлалт Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд барилдах эрхээ “өвөртөлж” байгаа юм. 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд уламжлал болгон олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Ховд аймгийн Үенч сумын начин Тулгаагийн Баясгаланд, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Цогт сумын заан Мөнхжаргалын Төрбатад тус тус олгов. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардууллаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО