Цаг үеийн мэдээ

Монголын хөлбөмбөгийн холбооны "А", АХБХ-ны "Элит" ангилалтай шүүгч Өнөржаргалын Батцэцэг 19 дэх удаагийн "Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтууд дээр ажиллахаар болжээ. 

Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй бөгөөд Ө.Батцэцэг Монгол улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм. 

Тус наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийг шүүхээр орон орны 31 шүүгч анх томилогдсон. Тэдгээр шүүгчдээс хэсгийн шат өндөрлөсний дараа 10 шүүгч, хасагдах шатны дараа 10 шүүгч тус тус нутаг буцсан. Харин Ө.Батцэцэг тэмцээний шилдэг шүүгчидтэй финалын шатанд хамт шүүхээр томилогдсон нь бахархууштай үйл явдал боллоо.

Анх 2016 онд МХБХ-ны шүүгч болж байсан Ө.Батцэцэг 2021 онд АХБХ-ны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Энэ нь Монголын шүүгчдийн ур чадвар хэрхэн өсөн дэвжиж байгаагийн, эмэгтэй хөлбөмбөгийн шүүгчдэд ямар том боломж буйг харуулж буй явдал билээ.

Таны сурталчилгаа