Цаг үеийн мэдээ

Японы баг Ханжөүгийн Азийн наадмын триатлоны холимог буухиа төрөлд түрүүлснээр гурван наадам дараалан энэ төрөлд алтан медаль хүртэж байна. Тус улсын тамирчид  “Инчеон-2014”, “Жакарта-2018” наадмуудад энэ төрөлд түрүүлсэн билээ. 

Япончууд мөн триатлоны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргаар тодорсон бөгөөд энэ төрлөөс гурав дахь алтан медалиа хүртэж байна. Өнөө өглөө болсон холимог буухиа уралдаанд Японы тамирчид багийн гайхалтай ажиллагаа, өндөр гүйцэтгэл үзүүлж, нэг цаг, 26 минут, 21 секундийн хугацаанд барианд оржээ.

Харин Хятадын баг нэг цаг, 27 минут, 48 секундийн амжилтаар хоёрдугаарт орсон бол Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконг хүрэл медаль хүртлээ. Холимог буухиа уралдаанд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 12 баг оролцсон бөгөөд тамирчид 0.3 км зайг усанд сэлж, 6.67 км зайг дугуйгаар туулж, 1.86 км зайд гүйжээ. 

Аравдугаар сарын 1-ний оройны байдлаар, Азийн XIX наадмын медалийн хүснэгтийн тэргүүнд Хятадын баг тамирчид 133 алт, 72 мөнгө, 39 хүрэл медальтайгаар бичигдэж байна. Өмнөд Солонгосын баг 30 алт, 35 мөнгө, 60 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол Японы тамирчид 29 алт, 41 мөнгө, 42 хүрэл медальтайгаар гуравдугаарт бичигдэж байна. Монголын баг тамирчдын хувьд гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэнээр 25 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Азийн наадам 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

 

Таны сурталчилгаа