БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр энэ наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ тулаанд Тайванийн тамирчин, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чу Эн Лайныг ялж, алтан медаль хүртлээ. Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улсын төрийн дуулал анх удаа эгшиглэж, төрийн далбаа алтан медалийн тавцанд анхлан намирч байна.
Түүнд алтан медаль гардуулах хүндтэй үүргийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээв. Б.Чинзориг “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн анхны алтан медальтан болж, 13 дахь медалийг эх орондоо авчирлаа. Мөн Азийн наадмын 49 жилийн түүхийн хугацаанд Монголын багийн 25 дахь аварга болж байна.