Төв аймгийн Зуунмод хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр “Эерэг хандлага, Эрүүл нийгэм” аяны хүрээнд Биеийн тамир, спортын салбарынхны Төвийн бүсийн аймгуудын нөхөрсөг тэмцээн болов. Тус тэмцээнд Биеийн тамир, спортын улсын хороо болон Өмнөговь, Дархан, Дундговь, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын ажилтан албан хаагчид спортын зургаан төрөлд өрсөлдлөө.
Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Төв аймгаар овоглодог тамирчдын дундаас олимпын алтан медальтан, олимпын анхны мөнгөн медальтан төрөн гарсан болохыг тэмцээн зохион байгуулагчийн зүгээс онцолж байлаа.
Нийт 108 тамирчин өрсөлдсөн тэмцээний гранд гольфийн төрөлд Д.Алтанхуяг ахлагчтай Төв аймаг тэргүүлсэн бол шатрын төрөлд Д.Энхсайхан ахлагчтай Төв аймгийн баг түрүүлэв. Харин волейболын төрөлд О.Нармандах ахлагчтай Сэлэнгэ аймаг алтан медаль хүртсэн бол дартсын төрөлд Л.Энхбаяр ахлагчтай Төв аймаг, сагсан бөмбөгийн төрөлд Т.Батсүх ахлагчтай Өмнөговь аймаг, ширээний теннисний эрэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймаг, эмэгтэйчүүдэд Төв аймгийн баг тамирчид аваргаллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр У.Батмөнх даргатай Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон түрүүлсэн бол дэд байрт Д.Алтанхуяг даргатай Төв аймаг, Т.Энхтуяа даргатай Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон удааллаа. Тус нөхөрсөг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дараагийн тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулахаар тогтлоо.